Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах зорилгоор таван эмч, гурван сувилагчаас бүрдсэн мэс заслын баг өнгөрсөн оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын “Самсунг” эрүүл мэндийн төвийг зорьж, хүүхэд, нярайн зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан юм.
Монгол улсад Гуравдугаар Төв Эмнэлэг зүрхний нээлттэй мэс заслыг хийдэг цорын ганц эмнэлэг бөгөөд энэхүү тусламж үйлчилгээ нь ихэвчлэн насанд хүрэгчдэд чиглэсэн байдаг. Хүлээгдэл ихтэйн улмаас өөр сонголтгүй болсон олон эцэг эх хүүхдээ эмчлүүлэхээр гадаад улс орнуудыг зорих болдог.
Харин ачаалал ихтэй, хүлээлгийн жагсаалтад хэдийн дарагдсан Гуравдугаар төв эмнэлгээс ялгаатай нь ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг нь бяцхан өвчтөнүүдэд шаардлагатай зүрх судасны тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тусгайлан тоноглогдох юм.
ЭХЭМҮТ-д тус мэс заслын өрөөг бэлдэх үйл явц одоогоор өрнөж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг хийж эхлэх юм.
Уг мэс заслын төслийг Люксембургийн Вант Улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн Амын Сан болон Люксембургийн Зүрхний Мэс Засал, Зүрх Судлалын Хүрээлэнтэй хамтран ЭХЭМҮТ хэрэгжүүлж байна.


