Dark Light
Эрүүл мэнд | 2025-07-04

О.ДАШПАГАМ: НИЙТ ТОХИОЛДЛЫН 70.8 ХУВЬ НЬ ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улс орон даяар өрнөж буй вакцинжуулалтын талаар болон халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (ХӨСҮТ) өнөөдөр мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам:

“Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11,429 хүрээд байна. Анхны тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 18-нд зөөвөрлөгдөн бүртгэгдсэнээс хойш дэгдэлтийн хэлбэрээр тархаж, тохиолдлын тоо тогтмол өссөн.

Батлагдсан нийт тохиолдлын 70.8 хувь нь вакцинд хамрагдаагүй, харин вакцины насанд хүрээгүй хүүхдүүд 5.3 хувийг, нэг тунтай вакцинтай хүмүүс 8.5 хувийг, хоёр тунтай нь 15 хувийг эзэлж байна.

Тухайн тохиолдлуудыг насны ангилал, газарзүйн байршлаар нь ангилан судалж, вакцинд хамрагдалтын байдалд тулгуурлан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчлөл нь одоогоор улсын хэмжээнд 9 дүүрэгт бүртгэгдээд байна.

2025 оны 25-р долоо хоногийн байдлаар улаанбурхан өвчний 1534 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй. Өдөрт дунджаар 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна."

Насны бүлгээр авч үзвэл:

  • 0–8 сартай хүүхэд – 140 тохиолдол

  • 9 сар – 2 нас – Халдвар авах өндөр эрсдэлтэй

Иймд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг MMR вакцины нөхөн дархлаажуулалт улс орон даяар зохион байгуулагдаж байна.

Вакцины товлолын дагуу:

  • 9 сартайд – эхний тун

  • 2 настайд – хоёр дахь тун хийгддэг.

Нэг буюу хоёр тунгаа хийлгээгүй хүүхдүүдийг 21 аймаг, 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй нөхөн дархлаажуулалтад хамруулж байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтэр, сэргийлэх тарилгын карт-аар вакциндаа хамрагдсан эсэхийг шалгаж, бүрэн тундаа хамрагдаагүй бол дархлаажуулалтад заавал хамруулаарай.

“Вакцины мэдээлэл цахим бүртгэлд бүрэн ороогүй бол тухайн баримт бичгүүдээ авч очин бүртгүүлснээр цаашид мэдээллээ цахимаар авах боломжтой болно. Мөн улаанбурхан өвчний ойрын хавьтлуудад зориулсан 10 хувийн тунтай вакцин хийгдэж байгаа нь халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ юм” гэж тэрээр хэллээ.

Үүнээс гадна 6, 7, 8 сартай хүүхдүүдийг хамгаалахын тулд тусгай дархлаажуулалтын аян зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй явагдаж буй онцлогтой юм.

Одоогийн байдлаар:

  • 6–8 сартай 12,000 орчим хүүхдээс

  • 3,800 орчим буюу 30 хувь нь нөхөн дархлаажуулалтад хамрагдаад байна.

  • Нийт нөхөн дархлаажуулалт улсын хэмжээнд 40 орчим хувийн явцтай байна.

Зуны улиралд нэмэгдэх эрсдэл - Наршил, гэдэсний халдварын сэргийлэлт

Зургадугаар сараас эхлэн хэт халалт, хуурайшилттай холбоотойгоор наршилт, хоол хүнстэй холбоотой гэдэсний халдварт өвчлөлүүд нэмэгдэж байгаа тул ХӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна:

Наршилтын үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд:

  • Бөөлжих

  • Суулгах

  • Толгой өвдөх

  • Гэдэс базлах

  • Бие сулрах

Эдгээр нь гэдэсний халдварын шинжтэй төстэй тул ялгаж таних, хүндрэлийг эрт зогсоох нь чухал.

Эрсдэлтэй бүлэгт:

  • Бага насны хүүхдүүд

  • Архаг хууч өвчтэй өндөр настан

  • Зүрх судасны өвчтэй хүмүүс

  • Нарны харшилтай, мэдрэг хүмүүс багтана.

Сэргийлэх арга хэмжээнүүд:

  • Нарнаас хамгаалсан хувцас, малгай өмсөх

  • Хоол хүнсийг хадгалалтын горим, шошго, хугацааг шалгаж хэрэглэх

  • Буцалгаж чанасан ус уух, аялал зугаалгаар явахдаа ус, хоол хүнсээ бэлтгэх

  • Хоол хүнсний аюулгүй байдлын “5 түлхүүр”:

    1. Цэвэр байх – гарын эрүүл ахуй

    2. Болсон ба түүхий бүтээгдэхүүнийг тусгаарлах

    3. Сайн болгох – буцалгах, шарах

    4. Хүнсийг тохирсон температурт хадгалах

    5. Цэвэр ус ашиглах

Дархлаажуулалтад хамрагдах боломж

Эрүүл мэндийн төвүүд:

  • Ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл ажиллаж байна.

  • Улсын хэмжээнд 1000 гаруй байнгын болон явуулын цэг дархлаажуулалт хийж байна.

“Вакцинжуулалтад хариуцлагатай хандаж, хүүхдээ хамгаалах нь зөвхөн гэр бүлийн биш, нийгмийн үүрэг юм. Түүнчлэн вакцины талаархи буруу ташаа мэдээлэлд автахгүй байх, мэргэжлийн эмч нар, лавлах утас, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалж байна” хэмээн ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Р.УУГАНБАЯР

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02