Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025.08.08/ ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны Салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Туяа болон албаны бусад хүмүүсийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбарын бодлого, чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй зорилтот ажлуудын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, тусламж үйлчилгээний чанар хүртээмж болон тоног төхөөрөмж, эмч ажиллагсдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, ажлын байрны давхардлыг арилгах, чанар бүтээмжийг сайжруулах зэрэг асуудалд анхаарч буйгаа хэлсэн юм.
Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодитой, бүтээлч саналыг хүлээж авахад бэлэн төдийгүй салбарын хөгжил дэвшлийн төлөө нэгдмэл зорилт, дэмжлэгт байдал чухал гэдгийг онцоллоо.
Түүнчлэн тэрбээр “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд тохиож буй “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийн баярын мэндчилгээг тус төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дэвшүүлж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажилласан шилдэг ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
- Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч У.Мөнгөнцацрал
- Халдварын сэргийлэлт, хяналтын албаны тусгай хог хаягдлын ажилтан О.Цолмонсайхан
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны чанарын менежер Ц.Эрдэнэсайхан
- Статистик тандалт судалгааны албаны бүртгэл мэдээллийн ажилтан Ч.Энхчимэг
- Халдварын сэргийлэлт, хяналтын албаны ариутгагч О.Цацраг нар шагнууллаа.
ГССҮТ-ийн захирал, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах удирдлагын багийн хамт Эрүүл мэндийн сайдтай уулзалт хийж, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллээр дамжуулан эх орондоо нутагшуулсан дэвшилтэт шинэ технологи, гэмтлийн шалтгаант өвчлөлийг бууруулах, төвлөрлийг сааруулах үүднээс нийслэл, орон нутгийн болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах, осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийг хөгжүүлэх, эмч ажиллагсдын цалин урамшууллыг сайжруулах чиглэлээр тодорхой мэдээллийг өгсөн байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч сувилагч нараас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэд үйлчлүүлэгчидтэй уулзсан юм.













