Япон Улсын Кюшюү Их Сургууль, Хиросаки Их Сургууль, Хоккайдогийн Их Сургууль болон Япон Улсын Мэс заслын нийгэмлэг хамтарсан “Ази Тивийн орнуудад алсын зайн Теле мэс засал”-ийг хөгжүүлэх, Хоол боловсруулах эрхтний хорт хавдрын дурангийн мэс заслын эмч нарыг сургах дадлагажуулах 3 жилийн төсөл Монгол Улсад амжилттай эхэллээ.
Уг төслийн хүрээнд Япон Улсын дээрх 3 их сургуулиас төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс засал, дуран, дүрс оношилгоо, эмнэлзүйн эмгэг судлаач эмч нарын 13 хүний бүрэлдэхүүнтэй баг АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт ажиллан ходоод, бүдүүн гэдэс, болон улаан хоолойн хавдартай нийт 8 үйлчлүүлэгчдэд дурангаар салст хуулах болон дурангийн мэс заслыг амжилттай хамтран гүйцэтгэлээ.
Төслийн багийн гишүүдийг АШУҮИС-ийн ректор, доктор профессор Б.Дамдиндорж хүлээн авч уулзан амжилт хүслээ.
Уг төсөл цаашид 3 жил үргэлжлэх ба жил бүр Монгол Улсаас мэс засалч эмч нар Япон Улсын Их Сургуулийн эмнэлэгт очин суралцаж мэргэжил дээшлүүлэх юм.
Монгол Улсад теле мэс заслыг амжилттай нэвтрүүлснээр АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгээс алслагдсан аймгууд болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд хийгдэж буй хорт хавдрын дурангийн мэс засалд “Real time” алсын зайнаас зөвлөгөө өгөх, хамтран ажиллах боломж бүрдэх юм.