Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захиргааны албаны дарга У.Нямжаргалаас тодрууллаа.
-Хамгийн анх есдүгээр сарын 3-нд тарваган тахал бүртгэгдсэн. Үүнээс батлагдсан тохиолдол гурав бий. Нэг тохиолдол нь харамсалтайгаар нас барсан байна. Батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна. Нийт гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлыг илрүүлээд бүгдийг нь тусгаарлалтад аваад эмчилгээ хийгдэж байгаа. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээнүүд үргэлжилж байна. Нэгдүгээр хавьтлын шинжилгээнүүд хийгдээд, үүнээс хорин хүнийг нь сэжигтэй гэж үзээд эмчилгээг нь хийж байна.
Ковидын үед PCR шинжилгээ эерэг бол шууд өвчин туссан гэж үздэг байсан. Харин тарваган тахал өвчний хувьд PCR эерэг гарсныг тахал туссан гэж ерөөсөө үзэхгүй. Үүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа. Сэжигтэй тохиолдол нэмээд шинж тэмдэг илрээд, нянгийн шинжилгээгээр эерэг гэж гарвал батлагдсан тохиолдол буюу тахал туссан гэж үзэж байгаа.
Энэ 20 хүн дээр шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан. Батлахаар шинжилгээ хийгдэж байгаа. Магадгүй тэр шинжилгээн дээр сөрөг гарвал сэжигтэй тохиолдол биш гэж үзэх боломжтой.
Нэгдүгээр хавьтал нийт 104 хүн бий. Үүнээс 40 гаруй нь эмнэлгийн мэргэжилтнүүд. PCR эерэг гарсан гэх 20 хүний 14 нь эмнэлгийн мэргэжилтнүүд. Нэгдүгээр хавьтлын бүх хүмүүс тусгаарлалтад байгаа. Энэ дунд эмнэлгийн ажилтнууд бүгдээрээ байгаа. Хөвсгөл аймгийн тарваган тахал голомтлон гарсан бүсэд Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс нэг баг, ХӨСҮТ-өөс нэг баг очин ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж нь ерөөсөө л тарваганы мах идэхгүй байх. Тухайн тарвага тахалтай эсэхийг гаднаас нь хараад бид нар мэдэх боломжгүй.
Тарваган тахал уушгины хэлбэрээр бол хүнээс хүнд дамждаг. Одоогийн батлагдсан байгаа хоёр тохиолдол уушгины хэлбэрийнх биш учир ямар нэгэн эрсдэл байхгүй.