Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААН: ХӨГЖЛИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВ’’-III олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ЭМЯ-нд зохион байгууллаа.
Тус хуралд Монгол, БНХАУ, ӨМӨЗО, ОХУ, АНУ, БНСУ, Энэтхэг, Австрали, Япон, Итали улсуудаас нийт 9 орны 85 судлаачдын илтгэл ирүүлснээс сонгогдсон 15 судлаачийн илтгэлийг хэлэлцүүлэв. Илтгэлийн чиглэлүүдээс дурдвал,
- Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
- Уламжлалт анагаах ухааны боловсрол судлал
- Цахим технологид суурилсан уламжлалт анагаах ухааны судалгаа
- Уламжлалт эмийн ургамал, шинэ эмийн хими, технологийн судалгаа
- Зүү төөнө засал
- Уламжлалт болон жүдо бариа засал
- Зөгийн хорны эмчилгээ
- Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн судалгаа зэргийг хамарсан байна.
Хурлыг нээж, Монгол улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсад Уламжлалт Анагаах ухаан тогтолцоо болон хөгжиж байна. Монголын уламжлалт анагаах ухааны өвлөгдөн ирсэн онол, арга зүй, эмчилгээг орчин цагийн анагаах ухаанд нотлох асуудал нь эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэл болсон гэдгийг онцоллоо. Мөн УАУ, орчин цагийн анагаах ухааны уялдааг судлах, нэгдмэл анагаах ухааныг нэвтрүүлэх нь эрдэм, шинжилгээ судалгааны цөм цэг болж байгааг хэлэв.
Монгол Улсын төр засгаас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа ба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, хүний нөөцийг чанартай бэлтгэх талаар захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг орж хэлэлцэгдэн дэмжигджээ. Ажлын хэсгийн зүгээс УАУ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах, дэд бүтэц буюу аймаг, сум бүрд УАУ-ны тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх асуудлыг хөндөв. Мөн эрдэм шинжилгээ судалгааны дэд бүтцийг бий болгох, санхүүжилт олгох, дэмжих тал дээр онцгойлон санал оруулжээ. "УАУ-ны онолын мэдлэг, практик мэдлэгийг ард түмэнд түгээн дэлгэрүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох, зөв амьдралын хэв маягтай болох тал дээр хэрхэн ажиллах тухай зарлигийн төсөл удахгүй гарч, Засгийн газарт чиглэл өгөн, тодорхой үр дүнд хүрэх үйл ажиллагааг зохион байгуулна" гэлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: ДЭМБ-ын гишүүн улс орнуудын 88 хувь нь буюу 170 орон эрүүл мэндийн тогтолцоондоо өөрийн орныхоо уламжлалт анагаах ухаанд суурилсан уламжлалт эмчилгээг хэрэглэж байна. ДЭМБ Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой нэгдмэл тогтолцоотой 25 орны нэг хэмээн үнэлсэн байдаг.
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл сайдын тушаалаар ЭМЯ-нд Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох, УАУ-ны хуультай улс орон болох ажлын байгуулагдан ажиллаж байна. Монгол Улс УАУ-ны хуультай дэлхийн 16 улсын нэг болно. Ингэснээр бүх улс орон, аймаг орон нутаг, эрүүл мэндийн салбар бүрэлдэхүүнд УАУ-ны бүтэцтэй болж, хуулийнхаа хүрээнд УАУ-ны эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сэргээн засахтай уялдуулан ажиллах боломж бүрдэнэ.
АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ гадаад харилцаа хариуцсан проректор АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан: АШУҮИС нь судалгаа шинжилгээний 4 чиглэлтэй ба үүний нэг нь УАУ-ны чиглэл байдаг. АШУҮИС нь УАУ-ны сургуультай, хүрээлэнтэй, эмнэлэгтэй. УАУ-ны сургууль, уг салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг бэлтгэхэд гол үүрэгтэй ажиллаж байна. Мөн БНХАУ-ын Тианжины их сургуультай хамтарч 4+2 олон улсын хосолсон хөтөлбөр, дотооддоо ХААИС-тай хамтарч УАУ-ны хосолсон хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.
УАУ-ны эмнэлэг, тусламж үзүүлдэг бүтцээ өргөжүүлэн АШУҮИС-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар 100 ортой шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийж байна. Ирэх жил ашиглалтад орно.
Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн захирал, Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа: Монголын уламжлалт анагаах ухааны инновацын үйл ажиллагаа нь 3 зорилготой. Үүний нэг нь хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгэм эдийн засгийн өсөлт бий болгох, үндэсний болон батлан хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох явдал.
Хүний амьдралын чанарыг сайжруулах нь уламжлалт анагаах ухааны инновацын салбарын үндсэн зорилго.Манай улсад уламжилж ирсэн өв соёл, мэдлэг, сурвалж маш их зүйл бий. Ажиллах талбар, судлагдахуун, инновацлах зүйл асар их.
УАУ-ны салбар судалгаа хөгжүүлэлтийн 6 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Инновацын үйл ажиллагааг тэгш авч явж байгаа салбар гэж хэлж болно. Үр дүнгүүдээс нь дурдвал, уламжлалт эм, шинэ эм, технологийн шинэчлэл бүхий уламжлалт эм, голлох түүхий эдүүд дээр суурь судалгааны ажлууд маш сайн хийгдэж байгаа. Хуримтлагдсан оюуны өмч боломжийн хэмжээнд байна. Судалгааны үр дүнгээ олон улсад хуваалцаж байна.
Харин Монгол Улсын эмийн зах зээлийн ердөө 0.5 хувийг уламжлалтын эм эзэлж байна. Уламжлалт эмийн бүтээгдэхүүний нэр төрөл хангалттай их боловч, эмийн зах зээлд борлуулалт, хүртээмж бага байна. Цаашид энэ хувийг 10 болгон нэмэгдүүлэхэд бодлого, дэмжлэг, зохион байгуулалт хэрэгтэй гэдгийг хэллээ.
Энэ удаагийн хурлыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд уламжлалт анагаах ухааны эмч, судлаач, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, Олон улсын байгууллагууд, эмийн холбооны төлөөллүүд оролцлоо.
АДМИН







Эрүүл мэнд








