Dark Light
Эрүүл мэнд | 2025-11-26

13-17 НАСНЫ 4 СУРАГЧ ТУТМЫН 1 ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ 7 хоногт  УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах юм. Үүнтэй холбогдуулж ЭМЯ, НЭМҮТ-ийн удирдлагууд, эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. 
 
Монгол Улсад хуулийн ямар ч зохицуулалтгүй худалдаалагдаж, хүүхэд залуусын эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгаа электрон тамхийг уламжлалт утаат тамхитай адилтган хуулийн зохицуулалттай болгож байгаа юм. 
 
Сүүлийн жилүүдэд манай улсад тамхи, ялангуяа шинэ төрлийн электрон болон халаадаг тамхины хэрэглээ өсч, түүний импорт нэмэгдэж байгаа бөгөөд хяналтгүй зарагдаж байна. Өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт янжуур тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн тоон үзүүлэлт бий.
Электрон тамхи нь донтолт үүсгэдэг никотин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хром, никель, хар тугалга гэх мэт хүнд металлууд, хавдар үүсгэгч формальдегид, ацетальдегид, акролеин зэрэг хортой бодисуудыг агуулдаг.
 
ДЭМБ-ын тайланд "Электрон тамхи нь тамхинаас гаргах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байааг анхаарах шаардлагатай" гэж тусгасан. Мөн цахилгаан тамхи татах нь янжуур тамхинд орох магадлалыг 7 дахин, хар тамхи хэрэглэх магадлалыг 2 дахин нэмэгдүүлж донтох эмгэг үүсгэдэг талаар  судалгаанууд байна.  Иймд хүүхэд залуучуудаа тамхинаас урьдчилан сэргийлэх нь хар тамхи зэрэг бусад мансууруулах бодист өртөх эрсдэлийг бууруулах суурь хамгаалалт болно.
 
Цаг бусын нас баралт, чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх 20 эрсдэлт хүчин зүйлийн 3-рт тамхидалт ордог. Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэх болсон.
Уушгины хорт хавдрын 90-95 хувь, уушгины архаг өвчнүүдийн 80-85 хувь, Зүрхний шигдээс болон тархины харвалтын шалтгаант нас баралтын 20-25 хувь нь тамхитай холбоотой.
Монгол Улсад тамхины хэрэглээ жил бүр ойролцоогоор 4300 хүний амь насыг авч, нийт нас баралтын 17 хувийг бүрдүүлж байна.
2024 оны статистик мэдээгээр хорт хавдрын 8169 шинэ тохиодолд оношлогдсоны 6.7 хувийг уушги, гуурсан хоолойн хавдар, 20.7 хувийг улаан хоолой, ходоодны хавдар эзэлж байна.
Судалгаанаас үзэхэд 2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдэж, эмэгтэйчүүдийн тамхидалт 4 дахин нэмэгджээ. Тамхи татаж эхэлсэн нас нь дунджаар 18 нас буюу 3 насаар залуужсан байна.
Дээрх хуульд, Янжуур болон шинэ төрлийн тамхинд ижил зохицуулалт хийж, аль алиных нь онцгой албан татварыг 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан байна. Манай улсын хувьд тамхинд маш бага татвар ногдуулдаг. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтээр манай улсад нэг хайрцаг янжуур бусад улс оронтой харьцуулахад маш хямд буюу 0.8 ам.доллар байна. Тиймээс Хяналтын тухай хуулийн гол бодлого нь тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлох, худалдах, татах хүртээмжийг нь бууруулах явдал аж. Мөн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн зарахыг хориглож, зөвхөн 21-ээс дээш насанд хүрсэн хүний хүсэлтээр нэр, үнийн мэдээллийг тусгасан жагсаалтаас сонгон худалдан авахаар тусгажээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29