Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж. Чинбүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Б. Цэцэгсайхан болон албаны бусад төлөөллүүд Хавдар судлалын үндэсний төвд ажиллан хорт хавдрын тусламж, үйлчилгээ чанар хүртээмж, тус эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн хэрэгжилттэй танилцав. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн санхүүжилтээр 2021 оноос 3 үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилт, Хавдар судлалын үндэсний төвийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал сэвдвээр тус төвийн Ерөнхий захирал Ц. Батболд танилцуулж илтгэл тавилаа.
Төслийн үр дүнд Хавдар судлалын үндэсний төв Соронзон резонаст томографын аппарат, Компьютер томографын аппарат, Ангиограф, AI дэмждэг дижитал маммограм аппараттаар хангагдсан байна. Ингэснээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, өндөр хүчин чадал бүхий дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хорт хавдрыг эрт оношилж, эмчлэх нөхцөл бүрдсэн байна.
Төслийн хүрээнд хийгдсэн голлох ажлын нэг бол улсын хэмжээнд эрт илрүүлэг, хорт хавдрын бүртгэлийн нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж нэвтрүүлэхээр бэлэн болсон бөгөөд уг систем нь бодит цагийн горимоор ажиллан иргэд 7 төрлийн хорт хавдрын (Элэг, ходоод-улаанхоолой, бүдүүн шулуун гэдэс, уушиг, хөх, умайн хүзүү) эрт илрүүлэгт орсон үйл явцын мэдээлэл нь хугацаа алдахгүй 21 аймаг, 9 дүүрэгтэй шууд холбогдсоноор тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх Дуудах-Эргэн дуудах тогтолцоо бүрэн ажиллах боломжтой болжээ.
Мөн Хавдар судлалын үндэсний төв Дэлхий анагаах ухааны ололт амжилттай хөл нийлүүлэн алхаж иргэдэд хорт хавдрын тусламж үйлчилгээгээ ойртуулахад ихээхэн анхаарал хандуулсан нь дараах эмчилгээний дэвшилтэт тохнологиуд нэвтрүүлсэнээс харагдаж байна.
Үүнд:
- 2018 онд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нартай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж байсан бол өдгөө уг эмчилгээг тус төвийн эмч нар бие даан хийдэг болсон,
- 2022 онд туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт суурилсан аппаратыг эмчилгээнд нэвтрүүлсэн нь уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлсэн,
- Манай улсад эмчлэх боломжгүйд тооцогдож байсан тархины гүнд байрлалтай хавдрын мэс заслыг тус төвд 2024 оноос хийж эхэлсэн,
- Мөн энэ сарын 28-ны өдөр Монгол улсад анх удаа робот мэс засал хийхээр төлөвлөн бэлтгэлээ хангаж байгаа зэргээс харагдаж байна.
Б.АМАРТҮВШИН







Эрүүл мэнд









