Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээ 60 гаруй жилийн турш тасралтгүй хөгжиж, энэ хугацаанд нийт 3,839 нээлттэй зүрхний мэс заслыг амжилттай гүйцэтгээд байна. Сүүлийн гурван жилийн дунджаар жилд 500 орчим мэс засал хийж байгаа нь зүрхний нээлттэй мэс заслын чанар хүртээмж өссөнийг харуулж байна.
Зүрхний нээлттэй мэс засал нь цээжний хөндийг нээж, зүрх болон том судсанд шууд хүрэх замаар хийгддэг нарийн төвөгтэй мэс засал бөгөөд зүрх уушги орлуулах машины тусламжтайгаар зүрх, уушгийг түр хугацаанд зогсоож, цусны эргэлтийг зохиомлоор удирдан гүйцэтгэдэг, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан мэс засал юм.
Тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний гол төрлүүдийг харвал:
- Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал – 42.7%
- Титэм судасны мэс засал – 33.8%
- Хавхалганы мэс засал – 23.6%
- Гол судасны мэс засал – 7.5%
Сүүлийн гурван жилийн мэс заслын дараах нас баралтын дундаж 2.5 хувь байгаа нь олон улсын дундаж үзүүлэлт (2.2–3.1%)-тэй дүйцэж, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж буйг илтгэж байна.
Тус эмнэлэг зүрхний нээлттэй, хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, титэм судас, хавхалга, гол судасны болон судсан дотуурх мэс заслын чиглэлээр 20 гаруй орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж, олон улсын жишигт нийцсэн өндөр эрсдэлтэй мэс заслуудыг эх орондоо аюулгүй, чанартай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа мэргэшлийн баг юм.
Люксембургийн их Гүнт улс, Франц, Герман, БНСУ, Япон, Тайвань, Австрали зэрэг улсын тэргүүлэх эмнэлгүүдтэй 10-25 жил гаруй хугацаанд тасралтгүй хамтран ажилласны үр дүнд титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, хүүхдийн хавсарсан хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажиг, гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн хуулрал, CABG, OPCAB, Bentall, David, TEVAR, EVAR, MIDCAB зэрэг өндөр түвшний мэс заслуудыг эх орондоо бүрэн нутагшуулаад байна.
Үүний үр дүнд 2022–2025 онд зөвхөн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын тарифаар 17.7 тэрбум төгрөгийн гадагшлах эмчилгээний зардлыг эх орондоо үлдээж, эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний тусламж үйлчилгээг авах боломжоор ханган эрүүл мэндийн салбарын санхүүжилт, иргэдийн эрүүл мэнд амьдралын чанарт бодит үр нөлөөтэй байна.
Улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний ачааллын 93 хувийг үүрч ажиллаж байна. Өндөр түвшний ур чадвар шаардсан хүнд, хавсарсан зүрхний судас, зүрхний хавхалганы хавсарсан төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж буй цорын ганц эмнэлэг болно.

АДМИН







Эрүүл мэнд








