УИХ -ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 21 аймагт ажиллах томилолтынхоо тав дахь аймагт өнгөрсөн өдрүүдэд (2026.02.13-02.15) ажиллав.
Улаанбаатар хотоос 700 гаруй км- т орших Дорноговь аймаг Замын-Үүд сумаараа Эрээн хоттой хиллэдгээрээ онцлогтой. Энэхүү газарзүйн онцлог нь ард иргэдийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбарт эерэг болон сөрөг талуудыг авчирч байгааг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дарга нар онцолж байв. Зам тээврийн осол гэмтэл, бэлгийн замын халдварт өвчний гаралт зэрэгт илүү их анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэж байв.
Манай улсын нийт төрөлт буурах хандлагатай байгаа нь Дорноговь аймагт мөн адилхан байна. Тийм учраас тус аймаг 2026 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаад байгаа юм байна. Энэ онд эх, нярай, хүүхэд, өсвөр үеийнхний урьдчилан сэргийлэх үзлэгийг өргөжүүлэх, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, жирэмсэн болон төрсний дараах тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгойлон анхаарахаар төлөвлөж байгаа аж.
2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд 37,253 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, давхардсан тоогоор 28,569 өвчлөлийг илрүүлсний дотор 36 хавдрын тохиолдлыг эрт шатанд оношилсон нь урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн болсон гэв.
Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, шинэчлэлийн үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү хүртээмжтэй, чанартай болж, иргэд нутагтаа оношлуулж, эмчлүүлэх боломж өргөжиж байгааг онцлов.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд (2020–2025) улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 50.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ. Зөвхөн 2025 онд эмнэлгийн тоног төхөөрөмжид 3.8 тэрбум, барилга байгууламжид 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чадавх мэдэгдэхүйц нэмэгджээ.
Аймгийн хэмжээнд 118 тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, салбарын хүний нөөцийн хангалт 90.2 хувьд хүрсэн байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:1 болсон нь тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой хадгалах чухал үзүүлэлт болж байна. Мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих бодлогын хүрээнд эм зүйч, эх баригч, их эмч нарыг сургаж бэлтгэн, төгсөгчдийг ажлын байраар 100 хувь хангаж байгаа нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын ирээдүйн чадавхыг бэхжүүлж байна.
ТОВЛОЛТ БОЛОН НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТАД МАНЛАЙЛАН АЖИЛЛАЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
Дархлаажуулалтын чиглэлээр 2025 онд 5,920 тун папиллома вирусийн эсрэг вакцин татан авч, 11 настай хүүхдүүдийн 45.2 хувийг товлолын дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны наймдугаар сараас хойш бүртгэгдээгүй нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг илтгэж байна, баяр хүргэе гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.
Дорноговь аймгийн үе үеийн удирдлагууд эрүүл мэндийн салбар, хүн амынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалтыг тогтвортой хийж иржээ. 2020–2025 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 50.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ. Үүнээс улсын төсвийн 30.3 тэрбум, орон нутгийн төсвийн 20.3 тэрбум төгрөгийг эмнэлгийн шинэ барилга, өргөтгөл, түргэн тусламжийн автомашин, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжид зарцуулсан байна. Зөвхөн 2025 онд эмнэлгийн тоног төхөөрөмжид 3.8 тэрбум, барилга байгууламжид 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чадавх мэдэгдэхүйц нэмэгджээ. Мөн “Түрээсийн орон сууц хөтөлбөр” -ийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж эмч, сувилагч нарыг тэргүүн эгнээнд хамруулж хэвшсэн нь алслагдсан бүс дэх хүний нөөцийн маш чухал бодлого болж байгаа аж.
Үүнээс гадна, Ерөнхийлөгчийн гаргасан Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд Дорноговь аймаг ойрын хугацаанд Уламжлалтын эмнэлгийнхээ хүчин чадал, нөхцөлийг сайжруулан ажиллахад аймгийн болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар санал нэгдсэн юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” Азийн хөгжлийн банкны төслөөс ирэх гурван жил Дорноговь аймагт 3 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ хэлж, салбарынхны санал хүсэлтийг сонсож, асуултад хариулснаар Дорноговь аймагт хийсэн ажлын томилолт өндөрлөв.
АДМИН







Эрүүл мэнд









