Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн томилолт хоёр өдрөө үргэлжилж, яг одоо Архангай аймагт ажиллаж байна. Ажлых эхэнд орон нутгийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, үзүүлэлт, тулгамдсан асуудалтай танилцлаа.
Архангай аймаг 93,201 хүн амтай. Үүний 49.3 хувь нь эрэгтэй, 50.7 хувь нь эмэгтэй. Нийт хүн амын 22.5 хувь нь аймгийн төвд, 77.5 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 71.2, эмэгтэйчүүдийнх 74.5 байгаа ба хүйсийн наслалтын зөрүү 3.2 жил байгаа юм байна. Улсын хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү найм байдаг бол Архангай аймагт баяр хүргэхүйц онцлог гэж салбарын сайд онцлов.
Архагайчуудын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны,
1-т хоол боловсруулах тогтолцооны эмгэг,
2-т амьсгалын тогтолцооны эмгэг болон зүрх судасны өвчин,
3-т шээс, бэлгийн тогтолцооны эмгэг,
4-т осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл орж байгаа аж.
Нас баралтын шалтгааныг авч үзвэл:
1-т зүрх судасны өвчин,
2-т хавдар,
3-т осол гэмтэл,
4-т амьсгалын тогтолцооны өвчин,
5-т хоол боловсруулах тогтолцооны өвчин орж байна гэж Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа танилцуулав.
Хавдрын нас баралтын 33 хувь нь элэг болон элгэн дэх цөсний сувгийн хавдар, 17 хувь нь ходоод, 15 хувь нь уушги, 7.7 хувь нь улаан хоолой, 2 хувь нь умайн хүзүүний хавдар байгаа юм байна.
2025 онд осол гэмтэл 10,000 хүн амд 357.1 бүртгэгдсэн. Энэ үзүүлэлт жил бүр өсөж байгаа нь анхаарал татаж байна гэв.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт хүн амын 49.3 хувь нь буюу 46,200 хүн эрт илрүүлэг, үзлэгт хамрагджээ. Илэрсэн өвчлөлийн 63.7 хувь нь хоол боловсруулах эрхтний өвчин, 11.6 хувь нь дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, 5.9 хувь нь зүрх судасны өвчин, 4.1 хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 4.1 хувь нь халдварт өвчин, БЗДХ, В, С вирус илэрчээ.
Цаашид,
1. Хавдрын тусламж, үйлчилгээ
2. Гэмтлийн мэс засал
3. Харвалт, шигдээсийн үеийн тусламж
4. Хүүхдийн шүд, хүүхдийн мэс засал
5. Сэтгэцийн тусламж үйлчилгээ зэрэг чиглэлд хамгийн түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.
2024 онд орон нутгийн 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөдөөгийн бүх багийн эмч нарыгаа унаажуулсан байна. Мөн 390 сая төгрөгөөр Цахир, Цэцэрлэг, Булган, Өлзийт, Өгийнуур, Хотонт суманд шүдний кабинетийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр 16 сум шүдний кабинеттай болсон. Одоогоор 7 суманд орон тооны нүүр ам судлалын эмч ажиллаж байгаа аж.
2025 онд аймгийн эрүүл мэндийн салбарын 124 байгууллагад 1329 ажилтантайгаар анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ба 10,000 хүн амд 25 их эмч, 32 сувилагч ногдож юм байна.
2024–2025 онд Засаг даргын нэрэмжит “Эрүүл мэндийн салбарын шилдэг” уралдааныг зохион байгуулж 356 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Орон нутагт чадвартай эмч, боловсон хүчинг бэлтгэн тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг орон нутгийн удирдлагууд улам хөгжүүлж ажиллана гэв. Үүнээс гадна, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин 4 барилгыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль-ийн харьяанд шилжүүлж, Хангайн бүсийн сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн цогцолбор байгуулжээ. Засаг даргын нөөц сангаас Архангай аймгаас суралцаж буй 113 оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн дэмжлэг үзүүлсэн байна. Тэдгээр оюутнууд төгсөөд аймагтаа 5 жил тасралтгүй ажиллах нөхцөлтэй ба цаашид эдгээр дэмжлэг үргэлжилнэ гэж ажлын уулзалтын үеэр аймгийн удирдлагууд тарилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаныхан одоо үргэлжлүүлэн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олонтой уулзаж ажиллана.
АДМИН







Эрүүл мэнд









