УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Монголд худалдаалагдаж буй эмийн чанарын асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлснээр эмийн чанартай холбоотой хардлага нийгэмд байнга яригддаг ч бодит байдлыг нууж хаахгүй, үнэнээр нь хэлэх шаардлагатай байна.
Тэрбээр Монгол Улсад зарагдаж буй зарим эмийн чанар муу байгаа гэж үзэж байгаагаа онцолсон юм. Энэ нь хэн нэгнээс сонссон яриа бус, өөрийн биеэр мэдэрч буй туршлага гэдгийг тайлбарлав. Ж.Баясгалан өдөр бүр 13 төрлийн, нийт 26 ширхэг эм хэрэглэдэг бөгөөд биеийн байдлаа тогтмол ажиглаж явдаг учраас өөрийгөө “амьд лаборатори” гэж хэлж болно хэмээн ярьжээ. Ижил нэртэй эмийг гадаадаас авч хэрэглэхэд үзүүлэх үйлчилгээ нь Монголд зарагдаж буй эмээс ялгаатай мэдрэгддэгийг ч дурдсан байна.
Түүний хэлснээр эмийн чанарын асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд хязгаарлагдахгүй. Иргэд муу чанарын эм хэрэглэснээр эдгэж байна гэж итгэсээр өвчнөө хүндрүүлэх, улмаар хожуу шатанд хүрэх тохиолдол гарч байгаа нь санхүү, цаг хугацаа, амьдралын боломжийг давхар алдахад хүргэдэг байна.
Харин энэ нөхцөл байдлыг өөрчлөх нэг чухал алхам нь Монгол Улсын эмийн чанарын лаборатори удахгүй ажиллаж эхлэх гэж буй явдал. Өнөөг хүртэл Монгол Улс эмийн чанарыг бүрэн шалгах лабораторигүй явж ирсэн нь салбарын хариуцлагын тогтолцоо сул байсны илрэл гэж үзэж байгаа юм. Шинээр байгуулагдах лаборатори ажиллаж эхэлснөөр эмийн чанарын хяналт сайжирч, салбар дахь асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлт байна.
Б.АМАРТҮВШИН







Эрүүл мэнд








