Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д хүүхэд, нярайн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой төслийн баг ажиллаж, удирдлагуудтай уулзалт хийлээ.
Люксембургийн Их Гүнт Улсын Үндэсний Зүрх Судлал, Зүрх Судасны Мэс Заслын Хүрээлэн болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “ЭХЭМҮТ-д хүүхдийн зүрхний мэс заслыг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд зөвлөх Arnaud Charpentier, биоанагаахын инженер Roberto Cattarinussi, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Б.Шинэтөгс нар ЭХЭМҮТ-ийн удирдлагуудтай санал солилцлоо.
Уулзалтын үеэр төслийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.
Түүнчлэн төслийн баг 2026 оны 4, 8, 10 дугаар саруудад хүүхэд нярайд зүрхний мэс заслыг эх орондоо хийх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Үүнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, мэргэжлийн багийн бэлтгэлийг хангах зэрэг ажлууд багтаж байгаа юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхэд, нярайн зүрхний нарийн мэс заслыг Монгол Улсад дотооддоо хийх боломж бүрдэж, иргэд гадаад улсад өндөр өртгөөр эмчлүүлэх шаардлага буурах ач холбогдолтой юм.
Т.УНДРАХБАЯР








Эрүүл мэнд









