Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-24

СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИОР ӨРГӨЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг "Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж, олон нийтэд сүрьеэ өвчний талаар мэдээлэл түгээх зорилгоор хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Манай улс 1995 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг өндөр ач холбогдол өгч тэмдэглэн ирсэн. Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр ихээхэн онцлогтой ба ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй ДЭМБ-ын баг Монгол Улсад дээд хэмжээний ажлын айлчлал хийж буй явдал юм.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон ДЭМБ-ын “Сүрьеэг устгах стратеги”- 2035, НҮБ-ын “Сүрьеэг устгах” Улс төрийн тунхаг зэрэг олон улсын болон үндэсний үзэл баримтлалд нийцүүлэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-ыг боловсруулж, өнгөрсөн оны наймдугаар сард батлан хэрэгжүүлж байна.
Манай улсад сүрьеэгийн өвчлөл, нас баралт нийгмийн эмзэг бүлгийн дунд илүүтэй тархаж байгаа нь нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, хүн төвтэй тусламж үйлчилгээний хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа юм.
Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад сүрьеэг заавал бүртгэх, мэдээлэх тогтолцоог нэвтрүүлж, эмчилгээг шуурхай эхлүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг тасралтгүй дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн дунд сүрьеэг эрт илрүүлэх ажлыг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген болон молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлэх, ЭМД-ын санхүүжилтийн механизмтай уялдуулахыг ЭМЯ-аас зорьж байна.
Ингэснээр сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, өвчний дарамт, нас баралтыг багасгах, улмаар сүрьеэг устгах зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой юм.
Улсын хэмжээнд 78 эрүүл мэндийн байгууллагад Молекул биологийн шинжилгээний арга, 42 хиймэл оюун бүхий зөөврийн болон Дижитал рентген шинжилгээг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт тус тус ашиглаж байна. Мөн цусанд сүрьеэгийн халдвар тодорхойлох шинжилгээний аргыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори, нийслэлийн 6 дүүрэгт ашиглаж байна.
Түүнчлэн дэлхий дахинд гарч байгаа сүрьеэгийн шинэ эм, эмчилгээний шинэ горимыг цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, эмэнд мэдрэг сүрьеэгийн эмчилгээ 4-6 сар, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг байсан бол одоо 6-12 сар болж эмчилгээний хугацаа богиносож байна.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон Бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй түүний баг хамт олон, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн дарга М.Даваабат болон ДОХ, Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээний багийн гишүүд, НЭМҮТ, НЭМГ-ын удирдлага, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл, оюун залуус оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22