Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 болон 40 насны нийт 45 мянган эмэгтэй байна. Үүнээс 2026 онд 20 мянган эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болсон хүний папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулах юм.
Эрт илрүүлэгт хэрхэн хамруулах, вирус илэрсэн тохиолдолд яах, вирус илрээгүй бол цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Бүртгэл тандалтын албаны их эмч Ж.Уранболор мэдээлэл өглөө. Тэрээр:
“Умайн хүзүүний хорт хавдар монгол эмэгтэйчүүдийн өвчилж буй зонхилон тохиолдох халдваруудын хоёрдугаар байранд, нас баралтаар гуравдугаар байранд ордог. Манай улсад явагдаж байгаа хоёр төрлийн илрүүлгийн нэг буюу хамгийн сайн явагдаж байгаа илрүүлэг. Одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт эсийн шинжилгээ ашиглаж байсан бол хүний папилома вирусийн шинжилгээ нэмэгдсэн. Орон нутаг, дүүргүүдэд авагдаж эхлээгүй, анхан шат дээр ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууддаа вирусийн шинжилгээ хэрхэн авах, үр дүнг хэрхэн тайлбарлах, зөвлөгөө өгөх сургалтууд явагдаж байгаа. Сургалтууд явагдаж дууссаны дараа 30, 40 настай 20 мянган эмэгтэйчүүдээс хүний папилома вирусийн шинжилгээ авахаар төлөвлөж байна. Монгол Улсын хэмжээнд 30-40 насны 45 мянган эмэгтэй байдаг. 2026 ондоо 20 мянгыг түрүүлж хамруулна. Хүний папилома вирус умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гол шалтгаант хүчин зүйл. Вирус илэрнэ гэдэг нь умайн хүзүүний хорт хавдар болох эрсдэл байна гэсэн үг. Хэрэв вирус илэрвэл эсийн шинжилгээ өгнө. Эсийн шинжилгээ нь тухайн вирус таны биед ямар нөлөө үзүүлж байгааг тодорхойлно. 30-60 настай эмэгтэйг гурван жил тутамд эсийн шинжилгээ хийж байсан бол одоо 30 гэсэн насыг 45 руу хойшлуулж байгаа. 45 наснаас эс үзнэ. 30,40 дээр вирусээ эхэлж үзээд, вирус байвал цаашдаа эсийн шинжилгээ өгөөд явна” гэв.
Т.УНДРАХБАЯР








Эрүүл мэнд





