2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурханы халдварын 1 шинэ тохиолдол батлагдаж, 2 хүн нас барсан байна.
Шинэ тохиолдлын 1 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нийслэлд шинэ халдвар бүртгэгдээгүй.
Нийт дүнгээр улаанбурханы батлагдсан тохиолдол 14,562-д хүрч, үүнээс 11,759 нь нийслэлд, 2,798 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралтын нийт тоо 17 болжээ.
Одоогоор 65 хүн эмчлүүлж байгаагаас 62 нь эмнэлэгт, 3 нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Нийслэлд 39 хүн эмчлүүлж байгаа бөгөөд ихэнх нь дунд зэргийн, 3 нь хүнд хэлбэртэй байна. Харин орон нутагт 23 хүн эмчлүүлж байгаа ба дийлэнх нь дунд зэргийн өвчлөлтэй байна.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5,265 тохиолдлоор тэргүүлж байгаа бол 0-4 насныхан 3,579 тохиолдол бүртгэгджээ.
Иймд эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөх, Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг уриаллаа. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Б.ЭНХЗАЯА








Эрүүл мэнд




