Dark Light
Эрүүл мэнд | 2026-06-08

БАЙЦААНЫ БӨӨС ГЭЖ ЮУ ВЭ, ТҮҮНТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Байцаа, манжин тариалдаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд ургацын чанар, гарцыг бууруулдаг байцааны бөөс хэмээх хортон шавжаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Байцааны бөөс нь шар ногоон өнгөтэй, лийр хэлбэрийн биетэй бөгөөд гадаргуу нь цайвар цагаан лаваархаг бүрхүүлтэй байдаг. Өндөг нь эхэндээ цайвар өнгөтэй боловч хэдхэн хоногийн дараа хар өнгөтэй болж хувирдаг байна.

Энэхүү хортон шавжийн авгалдай тавдугаар сард агаарын температур 9-10 хэмд хүрэх үед үүсэж эхэлдэг бөгөөд 10-14 хоногийн дотор нас бие гүйцсэн бөөс болдог аж. Нэг эмэгчин бөөс 40-өөс доошгүй авгалдай төрүүлдэг тул богино хугацаанд олноор үржин тархах эрсдэлтэй.

Ялангуяа долоодугаар сарын эхэн үеэс далавчтай бөөснүүд тариалангийн талбайд олширч, байцааны навчны доод хэсэгт байрлан ургамлын шүүсийг сорж хооллодог байна. Үүний улмаас навч цайж, уян хатан чанараа алдан улмаар хатаж муудах аюултай.

Мэргэжилтнүүд байцааны бөөстэй тэмцэхдээ байгалийн, механик болон химийн аргыг хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Байгалийн аргаар 200 грамм модны үнсийг 10 литр усанд найруулж, ногоон саван нэмж шүрших боломжтой. Мөн өглөө эрт ургамлыг өндөр даралттай хүйтэн усаар шүршиж бөөсний идэвхжил, тархалтыг бууруулж болно.

Харин халдвар их хэмжээгээр тархсан тохиолдолд имидаклоприд найрлагатай инсектицидийг зааврын дагуу хэрэглэж болохыг зөвлөжээ.

Түүнчлэн химийн болон байгалийн гаралтай уусмал шүрших үед амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэрэг хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10