Баян-Өлгий аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий (САТ-1 хэвшинж) өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ.
Тодруулбал, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, халдварын голомтыг хумих зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Уг захирамжийн дагуу 2026 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тухайн сумдын нутаг дэвсгэрт бусад аймаг, сумдаас мал, малын гаралтай түүхий эд болон амьтан нэвтрүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.
Шүлхий нь малын дунд хурдан тархдаг, эдийн засгийн өндөр хохирол учруулдаг гоц халдварт өвчинд тооцогддог бөгөөд халдвар тархах эрсдэлийг бууруулахын тулд хөдөлгөөний хязгаарлалт, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай байдаг.
Иймд малчид, иргэд, тээвэр эрхлэгчдийг мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, мал амьтан болон малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.
Хязгаарлалтын хугацааг өвчний нөхцөл байдал, тархалтын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн цаашид тогтоох юм байна.
Б.АМАРТҮВШИН







Эрүүл мэнд







