Dark Light
Эрүүл мэнд | 2026-06-25

ЗҮРХНИЙ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Монгол–Люксембургийн зүрх судасны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагаа 25 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэхүү урт хугацааны түншлэл нь Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын жишиг эмчилгээний технологийг нутагшуулах, үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.
2001 онд эхэлсэн уг төсөл нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, телемедицин, хүний нөөцийн хөгжил зэрэг олон чиглэлээр амжилттай хэрэгжиж, Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит үр дүн авчирсан томоохон хамтын ажиллагааны нэг болсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд олон зуун эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн гадаад, дотоодын сургалт, дадлагад хамрагдан орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг эзэмшсэнээр зүрх судасны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд шинэ аргачлал, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх боломж бүрджээ.
Мөн телемедициний тогтолцоог хөгжүүлснээр орон нутгийн эмч нар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн нарийн мэргэжлийн багтай тогтмол холбогдон зөвлөгөө авч, өвчтөний оношилгоо, эмчилгээний шийдвэрийг богино хугацаанд, оновчтой гаргах нөхцөл бүрдсэн байна.
Өнөөдөр энэхүү хамтын ажиллагааны үр дүн эмнэлзүйн практикт бодитоор хэрэгжиж байна. Люксембургийн Их Гүнт Улсын Зүрхний мэс засал, интервеншнал кардиологийн төв (INCCI)-ийн хүүхдийн зүрхний мэс заслын баг ээлжит томилолтоор Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, Монголын эмч нартай хамтран төрөлхийн болон олдмол зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийж, нарийн төвөгтэй мэс заслуудыг амжилттай гүйцэтгэж байна.
Хамтарсан үзлэг, мэс заслын үеэр хоёр улсын эмч, мэргэжилтнүүд ажлын байран дээрээ харилцан туршлага солилцож, орчин үеийн арга техник, эмчилгээний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь хүүхдийн зүрхний мэс заслын үндэсний багийн ур чадвар, бие даан тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын хөгжлийн шинэ хуудсыг нээж, дэлхийн жишиг эмчилгээний технологийг эх орондоо нутагшуулах, үндэсний эмч, мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд бэлтгэн чадавхжуулах, хүүхэд бүр эх орондоо чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэхэд тогтвортой бөгөөд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16