Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор таван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар мэдээлэхдээ, нийслэлийн хэмжээнд эмнэлгийн яаралтай тусламжийн нийт 45 баг ажиллаж байгааг онцоллоо. Үүнээс Хүй долоон худагт найман баг хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмж болон шаардлагатай бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байгаа аж.
Мөн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуйн хяналт тогтмол тавьж, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежменттэй холбоотой стандарт, шаардлагыг мөрдүүлэн ажиллаж байгааг тэрбээр хэлэв.
Үүнээс гадна халдваргүйжүүлэлтийн чиглэлээр нийт 83 мэргэжилтэн хяналт шалгалт хийж, олон нийтийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад анхаарч байна.
Н.Наранбаатарын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Үндэсний их баяр наадмыг тэмдэглэж буй иргэдээс эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд баяр наадам тайван, хэвийн үргэлжилж байна.
Тэрбээр иргэдийг баяр наадмын үеэр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, эрүүл аюулгүй, дэлгэр сайхан наадахыг уриаллаа.
Б.АМАРТҮВШИН







Эрүүл мэнд






