Их Британийн фитнес, хоол тэжээл, эрүүл мэнд, бэлгийн амьдрал, загвар, гадаад төрх, технологи, жин хасах болон бусад олон чиглэлээр эрчүүдийн дагаж мөрддөг брэнд сурталчилдаг "Men's Health" сэтгүүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай сонирхолтой нийтлэл бичжээ. Тус сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн бяртай, хүчирхэг 6 улс төрчийн биеийн хүчний чансааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан ёсоор тэргүүлсэн байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн ангид зочлох үеэрээ энгийн хувцастай 100 кг жинтэй штангийг цээжнээс 20 удаа шахсан нь цахим орчинд хүчтэй давалгаа үүсгэж, олон улсын хэвлэлийн хараанд өртжээ. Өмнө нь армийн офицер байсан, бодибилдинг болон тулааны урлагийн арвин туршлагатай, 58 настай түүний энэхүү үзүүлэлт нь мэргэжлийн тамирчдын дунд ч өндөр үнэлэгдэхүйц сод амжилт болохыг тус сэтгүүл онцолсон байна.
“Men's Health”-ээс тодруулсан дэлхийн хамгийн бяртай улс төрчдийн нэгдсэн үзүүлэлт:
- Ухнаагийн Хүрэлсүх (Монгол Улсын Ерөнхийлөгч): жирийн хослолтойгоо 100 кг жинг 20 удаа шахсан.
- Арнольд Шварценеггер (Калифорни мужийн Амбан захирагч асан): Суулт 140 кг, цээж шахалт 165 кг, газраас таталт 250 кг (Нийт 555 кг).
- Кароль Навроцки (Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч): Өөрийн дээд амжилт нь цээжнээс 152.5 кг шахалт.
- Жорж В. Буш (АНУ-ын ерөнхийлөгч асан): Цээжнээс 93 кг шахаж байсан.

- Володимир Зеленский (Украины ерөнхийлөгч): Дайчдын тэмцээний үеэр 60 кг жинг олон тоогоор шахсан.
- Роберт Ф. Кеннеди (АНУ-ын Эрүүл мэндийн сайд): Налуу сандал дээрээс 52 кг жингээр 8 удаа шахсан видео нь вирус шиг тархсан.
Энэхүү нийтлэл нь орчин үеийн төр, засгийн удирдагчид улс орныхоо хүнд ачааг үүрэхийн зэрэгцээ хувийн сахилга бат, бие бялдрын хөгжилдөө онцгой анхаарч, олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг үлгэрлэж буйн тод жишээ боллоо хэмээн бичжээ.
ТАТАР МАЙДАР






Эрүүл мэнд




