Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-16

“ХЯЗГААР НУТГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” ТӨСӨЛ 28 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) болон Тайванийн Хүүхэд, Гэр бүлийг Дэмжих Сан хамтран хэрэгжүүлдэг “Хязгаар нутгийн инээмсэглэл” хүмүүнлэгийн төсөл 2026 онд 28 дахь жилдээ амжилттай үргэлжиллээ. 1998 оноос эхлэлтэй тус төсөл нь хүүхэд бүрд шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үндсэн зорилготой юм.
 
 
Энэ жилийн хувьд төрөлжсөн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймагт ажиллаж, нийт 762 хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.
 
Энэ онд хүрсэн бодит үр дүн, тусламж үйлчилгээний үзүүлэлтүүд
 
Төслийн баг алслагдсан бүс нутгийн хүүхдүүдийг дараах чиглэлүүдээр оношилж, эмчиллээ. Үүнд:
  • 279 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо,
  • 126 хүүхдэд амжилттай мэс заслын тусламж,
  • 250 хүүхдэд шүдний эмчилгээ,
  • 183 хүүхдэд хэл яриа заслын төрөлжсөн эмчилгээ,
  • 49 хүүхдэд шүдний гажиг заслын нарийн мэргэжлийн эмчилгээг тус тус хийж гүйцэтгэв.
Орон нутгийн эмч нарыг чадавхжуулав
 
“Хязгаар нутгийн инээмсэглэл” төсөл нь зөвхөн үзлэг, эмчилгээ хийгээд зогсохгүй орон нутгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад тогтмол анхаарч ирсэн. Энэ хүрээнд Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулж, “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй өвчтөний эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сэдэвт 1.5 багц цагийн сургалт зохион байгууллаа. Энэ нь цаашид орон нутагтаа хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Талархал
 
 
ЭХЭМҮТ-ийн зүгээс хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөөх энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлээр хамтран ажилласан Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) болон Нэгдсэн эмнэлгийн хамт олон, мөн Өмнөговь аймгийн “Манал-говь” шүдний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19