Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-16

НИЙСЛЭЛД ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ 49,8 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хүрээнд энэ жилийн улирлын томуугийн дархлаажуулалтыг 9 дүгээр сарын 3-нд эхлүүлсэн. Учир нь улирлын томуу 10 дугаар сарын  дундаас эхэлж 12 дугаар сард оргил үедээ хүрдэг бөгөөд нийт өвчлөлийн 78,9 хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлдэг статистик гарчээ.
Иймд Нийслэлийн засаг даргын албан даалгавраар 2026 оны улирлын томуугийн дэгдэлтээс урьтаж зорилтот бүлгийн 293,610 иргэнийг томуугийн дархлаажуулалтад хамруулж байна. 
Чингэлтэй дүүргийн “Мэндцолмон” ӨЭМТ-ийн тухайд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийнхээ 55 хувийг улирлын томуугийн дархлаажуулалтад  хамруулаад байгаа аж. Тус төв бага насны хүүхдүүд, жирэмсэн ээжүүдийг өглөө, ахмад настнуудаа өдөр хамруулах хуваарь гарган ажиллаж байна. ӨЭМТ-ийн их эмч Ц.Цэдэвсүрэнгийн хэлж байгаагаар ахмад настнууд дархлаажуулалтад хамгийн идэвхтэй хамрагдаж байгаагаас гадна сургууль, цэцэрлэгийн хамрагдалт ч өндөр байгаа юм байна. Харин эцэг, эхийнхээ асаргаанд буй 0-2 насны хүүхдүүдийн хамрагдалт бага хувьтай гарчээ. Энэ насныхан  томуугаар өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл хамгийн өндөр тул 9 дүгээр сардаа багтаж дархлаажуулалтад хамрагдах нь чухал гэсэн юм.  
9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 49,8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Энэ удаагийн улирлын томуугийн вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин бөгөөд томуугийн 4 төрлийн вирусийн эсрэг хамгаалалт тогтоох юм байна. 
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар томуугийн дэгдэлтээс урьтаж нийслэлийн 7 дүүргийн эмнэлэгт 700 гаруй ор нэмж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн бэлтгэлээ хангажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19