The New York Times сонины хоолны буланд Хетти Луи МакКиннон (Hetty Lui McKinnon)-ий хөгжүүлсэн "Сонгино, сармистай тараг болон улаан лоолийн соустай мөөгний мантуу/манты" (Mushroom Manti) хэмээх сонирхолтой хоолны нийтлэл, орцыг бэлтгэлээ.
Турк, Армен, Монгол болон Төв Азийн орнуудад өргөн хэрэглэгддэг "манты" (мантуу/бууз) нь ихэвчлэн махны шанзтай, ууранд жигнэх, чанах эсвэл шарах шүүгээнд жигнэж болдог үндэсний хоол юм. Үүнийг улс орон бүрд тараг, цөцгий, хайлмаг цөцгийн тос болон халуун ногоотой улаан лоолийн соус зэрэг олон төрлийн амтлагчтай хамт зооглодог. Харин бид энэ удаа мантуу гэдэг үгээр биш Хетти МакКинноны жорны дагуу МАНТЫ гэж нэрлэх болно.
Энэхүү хоолны нэршил нь хятад хэлний "мантоу" (махтай жигнэсэн боов) гэдэг үгнээс гаралтай гэгддэг. Энэ удаад бид танд мөөгөөр баяжуулсан, цагаан хоолтон болон хөнгөн хоолонд дуртай хүмүүст зориулсан Турк маягийн "Мөөгний манты"-г гэрийн нөхцөлд хамгийн хялбар аргаар хийх жорыг хүргэж байна
Турк уламжлалт манты нь маш жижигхэн хэмжээтэй, гараар зуурсан гурилаар хийгддэг тул ажиллагаа ихтэй байдаг. Харин энэхүү жороор бид бэлэн баншны гурил (wonton wrappers) ашиглан цаг хугацааг хэмнэж, илүү том, өгөөжтэй хэмжээгээр хийх болно. Та зөвхөн нэг төрлийн мөөг ашиглаж болох ч, хэд хэдэн төрлийн мөөг (жишээ нь, шиитаке болон кремини/товч мөөг) холибол илүү гоё бүтэцтэй, зажлуур сайтай болдог. Нэг дор олныг хийгээд хөлдөөж, дараа нь хэрэглэхэд нэн тохиромжтой.
Шаардлагатай орц (4 хүний)
Мантууны шанзанд:
-
Мөөг: 340 грамм (товч мөөг, цагаан мөөг эсвэл шиитаке мөөгний холимог), маш жижиг хэрчсэн
-
Бөөрөнхий сонгино: 1 ширхэг (жижиг хэрчсэн)
-
Сармис: 2 хумс (жижиг хэрчсэн)
-
Шар буурцгийн соус (Soy sauce): 2 цайны халбага
-
Оливын тос: 2 хоолны халбага
-
Алеппо чинжүү (Aleppo pepper) эсвэл монголчуудын сайн мэдэх солонгос кочукару
-
Шинэхэн петрушка (parsley): хагас аяга (хэрчсэн)
-
Давс, хар перц (амталгаагаар)
Гурил:
-
Бэлэн баншны гурил: 24 ширхэг (дөрвөлжин wonton wrapper)
-
Сармистай тарагны соус:
-
Грек эсвэл өтгөн элэг цагаан тараг: 2 аяга
-
Сармис: 2 хумс (үрсэн)
-
Давс: хагас цайны халбага
Халуун ногоотой улаан лоолийн соус:
-
Лаазалсан жижиглэсэн улаан лооль: 1 лааз (ойролцоогоор 400 гр)
-
Оливын тос: 1 хоолны халбага
-
Хатаасан гаа (mint): 1 цайны халбага
-
Чимх халуун нунтаг чинжүү, давс
Бэлтгэх дараалал, хийх арга
1. Шанзыг бэлтгэх:
Халаасан хайруулын тавганд 2 хоолны халбага оливын тос хийж, сонгиноо зөөлөртөл нь 2 минут орчим хуурна. Дээр нь жижиглэсэн мөөг болон сармисаа нэмж, давс, хар перцээр амтлан, мөөгний шүүс бүрэн ууршиж, мөөг шаргалтах хүртэл 6-7 минут хуурна. Галыг унтрааж, шар буурцгийн соус, чили чимх, петрушкагаа нэмж хутгаад хөргөнө.
2. Сармистай тараг хийх:
Жижиг аяганд тараг, үрсэн сармис, давсаа хийж уустал нь сайн хутгаад хойш тавина.
3. Улаан лоолийн соус хийх:
Жижиг саванд оливын тос, лаазалсан улаан лооль, хатаасан гаа, чили болон давсаа хийж буцалгана. Буцаж эхэлмэгц галыг нь багасгаж, өтгөртөл нь 10 орчим минут зөөлөн гал дээр буцалгана.
4. Мантууг чимхэх:
Баншны дөрвөлжин гурилыг алган дээрээ тавьж, 4 хүрээг нь усаар норгоно (хуурай хэсэг үлдээж болохгүй). Гурилын голд 2 цайны халбага мөөгний шанзнаас тавьж, эсрэг харсан хоёр өнцгийг голд нь нийлүүлж наана. Үлдсэн хоёр өнцгийг мөн адил голд нь авчирч, пирамид хэлбэр үүсгэн, дотор нь агаар үлдэхгүйгээр ирмэгүүдийг нь хуруугаараа сайтар чимхэж битүүмжилнэ.
5. Чанах:
Том саванд давстай ус буцалгана. Мантынуудаа хэд хэдэн багц болгон усанд хийж, усан дээр хөвж эхэлснээс хойш 1.5 - 2 минут орчим чанаж, шүүж авна.
6. Таваглах:
Хавтгай тавагны сууринд сармистай таргаа дэлгэж тавина. Дээр нь чанасан халуун мантынуудаа өрж, хамгийн дээрээс нь халуун улаан лоолийн соусыг халбагаар дусааж асгана. Оливын тос үл ялиг дусааж, шинэхэн петрушканы навч цацаад халуунаар нь зооглоно.
ТАТАР МАЙДАР






Эрүүл мэнд




