Өглөө матча, өдөр кофе, орой бабл ти уудаг Gen Z залуусын шинэ дадал тэдний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Орчин үеийн залуусын хувьд өглөөг матчагаар эхлүүлж, өдөр нь кофе ууж, орой нь найзуудтайгаа бабл ти (bubble tea) ууж суух нь өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг, соёлын тренд болжээ. Forbes Young-ийн шинжээчдийн тодруулснаар, эдгээр ундаанууд нь хүмүүсийн боддог шиг "хор" биш, гэхдээ бас шууд эрүүл болгочихдог "шидтэй биохак" ч биш юм.
Тэгвэл залуусын уух дуртай тренд ундаанууд бидний биед яг ямар нөлөө үзүүлдэг вэ? Нутрициологич болон диетолог эмч нарын дүгнэлтийг сонирхоцгооё.
Кофе ба матча: "Эрчим хүчний зээл"
Нутрициологич Наталья Парилинагийн тайлбарласнаар, кофеин агуулсан ундаанууд нь биднийг богино хугацаанд сэргээж, анхаарал төвлөрүүлдэг ч эрчим хүчийг "агаараас" бий болгодоггүй. Тэд зөвхөн тархинд ядаргаа мэдрэгдэх процессийг түр хааж өгдөг байна. Хэрэв та дутуу нойр, хоол хүнс, амралтынхаа оронд кофе ууж өөрийгөө хүчилдэг бол энэ нь "маш өндөр хүүтэй зээл" авч байгаатай адил бөгөөд ядаргаа улам гүнзгийрнэ.
-
Аюулгүй хэмжээ: Насанд хүрсэн хүнд өдөрт 400 мг хүртэл кофеин уух нь аюулгүй бөгөөд чихрийн шижин, зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг болохыг АНУ-ын Кардиологийн холбоо тогтоожээ. (1 порц эспрессод 60-80 мг, американод 115-200 мг кофеин байдаг).
-
Матчаны анхаарах тал: Матча нь кофег бодвол кофеины агууламж багатай (нэг аяганд - 70 мг) бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй L-теанин агуулдаг тул сайн альтернатив болдог. Гэхдээ матча нь полифенол, танинаар баялаг тул нарийн гэдсэнд төмрийн шимэгдэлтийг бууруулдаг. Тиймээс төмөр дутагдлын анемитай (цус багадалттай) залуус матчаг хоолноос тусад нь уух эсвэл хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай.
Бабл ти (Bubble Tea): Ундаа биш "Шингэн десерт"
Бабл ти болон сироптой амтлаг кофенууд нь цангаа тайлах ундаа биш, харин өндөр калоритой амттан (десерт) юм. Залуус үүнийг уухдаа авч буй калори, чихрийн хэмжээг тооцдоггүй тул жин нэмэх гол шалтгаан болдог байна.
-
Тапиокагийн тунгалаг үнэн: Бабл тиний ёроолд байдаг тунгалаг үрнүүд (тапиока) нь цэвэр цардуул бөгөөд ямар ч эслэг, ашигтай шим тэжээл агуулдаггүй. Судалгаагаар, тапиокаг их хэмжээгээр хэрэглэх нь бидний идсэн хоол хүнс ходоодноос нарийн гэдэс рүү шилжих үйл явц хэтэрхий удаашруулж, дотор эвгүйрхэх, өтгөн хатах болон бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Комбуча ба адаптогенүүд: Маркетингийн заль уу?
Цайны мөөг буюу комбуча ундаа нь чихэрлэг хийжүүлсэн ундааг бодвол сахарын агууламж багатай, исэлтийн ашигтай бүтээгдэхүүн агуулдаг тул сайн сонголт мөн. Гэвч үйлдвэрлэгчдийн амладаг шиг "биеийг цэвэрлэнэ (детокс), дархлааг дээд зэргээр дэмжинэ" гэдэг нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй, маркетингийн хэтрүүлэг юм. Одоогоор хийгдсэн судалгаанууд нь зөвхөн лабораторийн шилэн саванд болон амьтан дээр хийгдсэн тул хүнд яг адилхан үйлчилнэ гэсэн баталгаа хараахан байхгүй байна.
Мөн стресс бууруулдаг гэх хүн орхоодой, ашваганда (Ashwagandha) буюу шинжлэх ухааны нэршлээр Withania somnifera (Монголчууд үүнийг "Энэтхэгийн хүн орхоодой" эсвэл "Цагаан хүн орхоодой" гэдгээр нь илүү сайн мэддэг) агуулсан "функциональ ундаанууд" ч баглаа боодол дээрээ бичсэн шиг "тайвшруулах" шидгүй бөгөөд найрлага дахь бодисын тун нь хэтэрхий бага байдгийг диетолог эмч нар сануулж байна.
Zogii.mn-ээс залуустаа өгөх зөвлөгөө:
Эмч нар ямар нэгэн зүйлийг хатуу хориглохоос татгалзах болсон. Хамгийн гол нь зөв тэнцвэрийг олох явдал юм:
-
Ус бол суурь: Таны өдрийн турш уух гол шингэн бол цэвэр ус байх ёстой. Бусад тренд ундаанууд бол зөвхөн нэмэлт, тансаг хэрэглээ юм.
-
Шошгыг унш: Хайрцаг дээрх "байгалийн", "эрүүл", "витаминтай" гэсэн үгэнд хуурталгүй, найрлага дахь чихрийн хэмжээг харж сураарай.
-
Сахарын донтолтоос сэргийл: Байнгын чихэрлэг ундаа уух нь амтлах мэдрэмжийг мохоодог. Сониуч зангаар ууж буй заншил тань таныг ундаагүйгээр ажиллаж чадахгүй болох тийм хамааралд хүргэх эсэхийг үргэлж хянаж байгаарай.
ТАТАР МАЙДАР





Эрүүл мэнд




