Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-21

ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭСЭН ОРЧИН

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Нямдаваагийн Хүрэлбаатар нар өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Зүүн кампуст ажиллалаа. Тэд сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулсан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлзүйн ур чадварын сургалтын төв, робот мэс заслын сургалтын төв, шинэ технологийн үзэсгэлэн, багшийн эрүүл мэндийг дэмжих төв болон эмнэлзүйн тасгийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцсан байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар уулзалтын үеэр хэлэхдээ эрүүл мэндийн салбарын хамгийн үнэт хөрөнгө бол барилга байгууламж, тоног төхөөрөмжөөс илүүтэй мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй хүний нөөц гэдгийг онцоллоо. Тэрээр эмчийг зөвхөн танхимд бэлтгэх боломжгүй бөгөөд бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг гэдгийг тэмдэглэсэн байна. Салбарын сайдын тайлбарлаж буйгаар төрийн зүгээс баримталж буй гол зорилго нь зөвхөн эмнэлэг барих бус тогтолцоо бий болгох, зөвхөн мэргэжилтэн бэлтгэх биш тасралтгүй хөгждөг мэргэжлийн орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа ажээ.

Мөн зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх бус түүнийг бүрэн эзэмшсэн хүний нөөц, мэдлэг, судалгааны чадавхыг бий болгох, хамгийн гол нь зөвхөн өвчнийг эмчлэх бус хүн төвтэй тусламж үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх нь чухал байгааг сайд хэллээ. Энэхүү бүх зорилтыг нэг дор уялдуулж чадах хамгийн оновчтой орчин бол их сургуулийн эмнэлэг юм. Иймээс цаашид Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС болон анагаахын боловсрол олгож буй бусад их дээд сургуулиуд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19