Жил бүр уламжлал болгон хийлгэдэг томуугийн (ханиадны) вакцин нь зөвхөн амьсгалын замын халдвараас хамгаалаад зогсохгүй, тархины цус харвалтаас сэргийлэхэд өндөр ач холбогдолтой болохыг олон улсын анагаах ухааны шинэчилсэн судалгаа харууллаа.
Судлаачдын тэмдэглэснээр, томуугийн халдвар авах үед хүний биед үүсдэг хүчтэй үрэвсэлт үйл явц болон халууралт нь зүрх судасны системд асар их ачаалал өгч, улмаар цусны бүлэгнэл үүсэх, судас бөглөрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Харин вакцинд хамрагдсанаар халдварын эрсдэл болон түүний дараах хүндрэлүүдийг сааруулж, тархины цусны эргэлтийн цочмог эмгэгээс давхар хамгаалдаг болох нь нотлогджээ.
Уг судалгааны үр дүнгээс үзэхэд, томуугийн идэвхтэй дэгдэлтийн үеэр вакциндаа тогтмол хамрагдсан иргэдийг вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад тархины цус харвалтаар өвчлөх магадлал нь мэдэгдэхүйц хувиар бага байсан байна. Энэхүү эерэг нөлөө нь ялангуяа зүрх судасны архаг хууч өвчтэй болон ахмад настнуудын дунд илүү өндөр үр дүнтэй байгааг онцолжээ.
Эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөхдөө, томуугийн вакцин нь зөвхөн уушги, амьсгалын замыг хамгаалагч биш, харин зүрх судас, тархины системийг хамгаалах стратегийн чухал урьдчилан сэргийлэлт гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй гэлээ. Ялангуяа хүйтний улирал эхэлж буй энэ үед эрсдэлт бүлгийн хүн ам болон ахмад настнууд хугацаа алдалгүй жил бүрийн томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Томуугийн вакцин хийлгэсний дараа анхаарах практик зөвлөмжүүд
Томуугийн вакцин хийлгэсний дараа вакцины үр дүнг бүрэн гаргуулах, биед үүсэж болох гаж нөлөөг хүндрүүлэхгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
-
Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх: Вакцин хийлгэсний дараа зохих хэмжээгээр (бага зэрэг) согтууруулах ундаа хэрэглэх нь вакцины үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэх баттай баримт байхгүй. Гэвч архийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний дархлааны системийг сулруулдаг. Мөн танд вакцины дараах гаж нөлөө (толгой өвдөх, ядрах) илэрч байгаа үед архи уувал биеийн шингэнийг дутааж, шинж тэмдгийг улам дордуулна. Тиймээс вакцин хийлгээд бие тавгүйрхэж байвал архинаас татгалзах нь хамгийн зөв сонголт юм.
-
Бие тавгүй үед хүнд дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх: Вакцины дараа өдөр тутмын хэвийн идэвхтэй хөдөлгөөнөө хориглох шаардлагагүй. Харин танд халуурах, ядрах, булчин өвдөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл биеэ дээрдэх хүртэл хүнд хүчний бэлтгэл, эрчимтэй дасгалаа түр хойшлуулаарай. Харин вакцин хийлгэсэн гараа зөөлөн хөдөлгөх, хөнгөн дасгал хийх нь тарилгын цэгийн хөндүүрийг намдаахад тустай байдаг.
-
Урьдчилан сэргийлэх зорилгоор өвчин намдаах эм уухгүй байх: Магадгүй гаж нөлөө илэрч магадгүй хэмээн вакцин хийлгэхийн өмнө эсвэл хийлгэж байх үедээ ибупрофен (Advil), напроксен (Aleve), парацетамол (Tylenol) зэрэг халуун бууруулах, өвчин намдаах эмийг урьдчилан ууж болохгүй. Зарим судалгаагаар эдгээр эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор уух нь вакцины эсрэг биет үүсгэх дархлааны хариу урвалыг сулруулдаг болохыг тогтоожээ. Рочестерийн их сургуулийн судалгаагаар ибупрофен, аспирин, напроксен зэрэг үрэвслийн эсрэг стероид бус эмүүд (NSAIDs) нь эсрэг биетийн нийлэгжилтэд саад учруулж болзошгүйг анхааруулсан байна.
Вакцины дараа илэрдэг нийтлэг шинж тэмдгүүд:
Томуугийн вакцины дараах хариу урвал нь ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрч, хэдэн өдрийн дотор өөрөө аяндаа алга болдог. Үүнд:
-
Тарилга хийсэн газар хөндүүрлэх, улайх, хавнах
-
Толгой өвдөх
-
Халуурах
-
Булчин өвдөх болон ядрах
Хэрэв бие тавгүйрхвэл яах вэ?
Хэрэв тарилга хийсэн газар зөөлөн хөндүүрлэх, толгой өвдөх, ядрах шинж тэмдэг илэрвэл тухайн хэсэгт хүйтэн жин тавих, гараа зөөлөн хөдөлгөх, усаа сайн ууж, сайн амрах хэрэгтэй. Хэрэв өвдөлт өндөр эсвэл хүчтэй халуурч, эм уух шаардлага гарвал өөрт тохирох эмийг эмч эсвэл эм зүйчээс заавал асууж хэрэглээрэй.
ТАТАР МАЙДАР






Эрүүл мэнд




