Турмерикийн ханд нь Альцгеймерийн эхэн үеийн шинж тэмдэгтэй хүмүүсийн ой санамж, анхаарал төвлөрөлд эерэг нөлөө үзүүлдгийг Японы судлаачид тогтоожээ.
Судалгаанд ой санамж, сэтгэх чадвар нь бага зэрэг муудсан 13 хүн оролцож, дөрвөн сарын турш турмерик гарган авдаг Curcuma longa ургамлын ханд хэрэглэсэн байна.
Судлаачид оролцогчдын 10-ынх нь үр дүнг шинжлэхэд ой санамж, анхаарал төвлөрөл болон мэдээллийг богино хугацаанд тогтоох чадварын зарим үзүүлэлт сайжирсан байна. Мөн тусгай тестээр тооцсон “тархины нас” буурсан үзүүлэлт гарчээ.
Гэхдээ танин мэдэхүйн чадварыг бүхэлд нь үнэлдэг стандарт шалгалтаар мэдэгдэхүйц өөрчлөлт илрээгүй байна. Тиймээс судлаачид турмерикийн ханд Альцгеймерийг эмчилнэ гэж дүгнэхэд эрт бөгөөд үр нөлөөг нь батлахын тулд илүү олон хүн хамарсан судалгаа шаардлагатайг онцолжээ.




Эрүүл мэнд




