Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-24

БИ ЯАГААД ШӨНӨ БҮР 3 ЦАГТ СЭРЭЭД БАЙНА ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Нээрээ л сүрхий асуудал үүсчихэв үү, эсвэл хэтэрхий их ингэж бодсоор байгаад өөрөө өөрийгөө ийм байдалд хүргэчихэв үү? Үүнийг яаж мэдэх вэ? Энд хариулт нь байна. 

Шөнийн турш тасралтгүй бүтэн унтаж чадахгүй байх нь өөрөө хангалттай ядаргаатай асуудал юм. Гэвч шөнө бүр сэрж, цаг руу харах болгонд яг ижилхэн нэг оронтой тоо (жишээ нь 03:00) угтах нь бүр ч өөр хэрэг билээ. Энэ нь таныг маргааш нь ядарч туйлдуулаад зогсохгүй, сэтгэл санааг тань тавгүйтүүлж орхидог.

Харамсалтай нь, үүр шөнөөр ийнхүү тогтмол сэрэх асуудал нь дунд эргэм нас болон түүнээс дээш насныханд илүү түгээмэл тохиолддог гэж "Project Sleep" ашгийн бус байгууллагын зөвлөх, нойрны анагаах ухааны нарийн мэргэжлийн эмч, доктор Фүнке Афолаби-Браун тайлбарлаж байна.

Ихэнх тохиолдолд үүнд хэтэрхий их сандарч, айх шаардлагагүй. Бэхивиорал нойрны анагаах ухааны (Behavioral Sleep Medicine) зөвлөх, сэтгэл судлаач Шебли Харрис хэлэхдээ: "Нойр гэдэг заавал 8 цагийн турш огт тасралтгүй үргэлжлэх албагүй. Шөнө бүр ижил цагт сэрэх нь заавал ямар нэгэн зүйл буруу болсны дохио биш бөгөөд энэ нь зүгээр л насжилтын явц дахь организмын хэвийн өөрчлөлтийг тусгаж байгаа хэрэг байж болно" гэжээ. Мөн түүний хэлснээр, нойр хулжих вий гэж урьдчилан санаа зовох нь байдлыг улам дордуулдаг байна.

Гэсэн хэдий ч, шөнө ийнхүү дахин дахин сэрэх нь илүү ноцтой асуудлын дохио байх үе бий. Хэрэв та сэрснийхээ дараа буцаад унтаж чадахгүй тарчилж байгаа эсвэл өдрийн цагаар байнга ядарч сульдаж байвал үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь чанаргүй нойр нь зүрхний өвчин болон бусад олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай шууд холбогддог байна. "Нойр бол бидний шөнө бүр хийдэг зүйл тул бид үүнд анхаарал хандуулж, халамжлах ёстой" гэж доктор Афолаби-Браун сануулж байна.

Тэгэхээр үүр шөнөөр тогтмол сэрэх нь хэвийн зүйл байж болох уу?

Тийм ээ, ялангуяа цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтөөс шалтгаалж нойронд нөлөөлдөг. Эстроген дааврын хэмжээ буурч, прогестерон даавар хэлбэлзэх нь таны нойрны бүтцийг өөрчилж, нойрыг илүү өнгөц, тасалданги болгодог бөгөөд гүн нойрсох хугацааг богиносгодог байна.

Энэ нь та урьд нь анзааралгүй унтчихдаг байсан зүйлсдээ (жишээ нь, хажуудах хүний хурхирах дуу эсвэл сарны гэрэл) илүү мэдрэг болно гэсэн үг юм. Учир нь таны физиологи өөрчлөгдсөн байна. Мөн цэвэршилтийн үеийн өөр нэг шинж тэмдэг болох шөнө гэнэт халууцах (hot flashes) нь таныг сэрээх шалтгаан болдог. Хүний нойрны эхний хэдэн цагт гүн нойр давамгайлдаг тул та эхэндээ элдэв саадтай байсан ч унтаад өгч магадгүй ч, нойр илүү өнгөц үе шатанд шилждэг үүр шөнөөр (wee hours) энэ бүх өөрчлөлт танд илүү хүчтэй нөлөөлж сэрээдэг.

Олон нийтийн сүлжээгээр аялахад яг ижилхэн шөнийн 3 цагт сэрдэг асуудалтай маш олон хүн байгааг харж болно. Зарим цахим нөлөөлөгчид (influencers) үүний шалтгааныг "кортизол" дааврын огцом өсөлттэй холбон тайлбарладаг.

Энэ нь бүр ч үндэслэлгүй зүйл биш юм. Стрессийн даавар гэгддэг кортизол нь хоногийн хэмнэлээ (circadian pattern) дагадаг бөгөөд орой унтахад бэлтгэх үед буурч, өглөө эрт өдрийг эхлүүлэхэд бэлтгэн нэмэгддэг. Энэхүү дааврын муруй нь дунд насанд бага зэрэг урагшилж, өсөх үйл явц нь урьдынхаас илүү эрт эхэлдэг байна.

Гэвч сэрж байгаагаа зөвхөн энэ өсөлттэй холбож, таны дааврын хэмжээнд ямар нэгэн асуудал үүссэн мэтээр туйлшрах нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм гэж Харрис хэлэв. Түүнчлэн өглөөний кортизолын хэмжээг бууруулснаар нойрны энэхүү асуудал шийдэгддэг гэсэн ямар ч нотолгоо байхгүйг доктор Афолаби-Браун тэмдэглэжээ.

Гэсэн хэдий ч стресс болон түүний даамжрах явц нь тогтмол сэрэхэд нөлөөлдөг. Доктор Афолаби-Браун өөрийн практикт дунд насны эмэгтэйчүүдээс "дэрэн дээр толгой тавиад л шууд унтчихдаг боловч хэдхэн цаг амарсаны дараа тархинд нь өдрийн түгшүүр, зовнил эргэлдэж эхэлдэг" гэх гомдлыг олонтаа сонсдог байна.

Энэ байдал хэд хэдэн удаа давтагдахад шөнө сэрэх явдал нь өөрөө айдсын шинэ эх үүсвэр болж, асуудлыг улам даамжруулдаг дадал суулгадаг. Улмаар таны тархи "Өвөө, дахиад л сэрчихлээ, одоо ингээд тарчлах нь, маргааш маш их ядарна даа" гэж бодож эхэлснээр хэлсэн үг үйлдэл болон биелдэг (self-fulfilling prophecy) сөрөг тойрог үүсдэг. Энэ нь нойрны асуудал зөвхөн таны толгой дотор байна гэсэн үг биш, харин сэтгэл түгшил нь таныг орондоо хөрвөөхөд хүргэдэг физиологийн хариу үйлдлийг өдөөж байгаа хэрэг юм.

Тодорхой цагт сэрэхэд хэзээ санаа зовох ёстой вэ?

Шөнийн 3 цагт тогтмол сэрэх нь дунд болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд хэвийн байж болох ч, заримдаа илүү ноцтой асуудлын дохио болдог. Үүний нэг гэнэтийн шалтгаан нь сэтгэл гутрал (depression) байж болно.

Мөн өөр нэг шалтгаан нь нойрны үед амьсгал түр тасалдах эмгэг (obstructive sleep apnea) юм. Энэ эрсдэл нь нас ахих тусам нэмэгддэг. Нойрсох үед амьсгал авах явц тасалдах үед тархи автоматаар сэрэлтийг өдөөдөг бөгөөд зарим эмэгтэйчүүдийн хувьд үүний дараа буцаад унтахад маш хүндрэлтэй болдог.

Үүнээс гадна нойргүйдэл (insomnia) болон үе мөчний үл амрах хам шинж (restless legs syndrome) зэрэг нойрны бусад эмгэгүүд үүнд нөлөөлж болох тул зохих эмчилгээ шаардлагатай. Эмчилгээ хийлгэхгүй бол эдгээр эмгэгүүд нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх, танин мэдэхүйн сулрал, зүрхний өвчлөлийг үүсгэх эсвэл даамжруулах эрсдэлтэй.

Хэрэв та шөнө сэрээд байвал, мөн энэ байдал давтагдсаар байвал юу хийх вэ?

  • Тайвшир: Хамгийн түрүүнд, үүнд ямар нэгэн аймшигтай эсвэл ер бусын зүйл байхгүй гэдгийг ухамсарлаж тайвшрах хэрэгтэй.

  • Нойрны эрүүл ахуйг сахи: Тогтмол цагт унтаж сэрэх, унтлагын өрөөг харанхуй, сэрүүн байлгах, унтахаас өмнө утас, дэлгэц харахгүй байх дадлыг хэвшүүл.

  • Орондоо элдэв зүйл бүү хий: Хэрэв та төлөвлөснөөсөө эрт сэрчихвэл цаг руу харах, унтах үлдсэн хугацаагаа тоолох, утас руугаа тэмүүлэх хэрэггүй. Орчноо харанхуй, "уйтгартай" хэвээр үлдээж, буцаж унтах гэж хүчлэхээс илүү зүгээр л биеэ амрааж, дотроо арагш нь ухрааж тоолох зэрэг идэвхгүй дасгал хий.

  • Орноосоо бос: Хэрэв та бүрэн сэргэчихсэн эсвэл буцаж унтаж чадахгүй бухимдаж эхэлбэл орноосоо босож, өөр өрөөнд орсон нь дээр. Гэрлээ бүдгэрүүлж, нойр хүрэх хүртэл ном унших зэрэг тайван зүйл хийгээрэй.

Хэрэв энэ байдал 1-2 долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилбэл арга хэмжээ авах цаг болжээ. Шууд Нойрсуулах эм эсвэл нэмэлт бүтээгдэхүүн рүү тэмүүлэхийн оронд нойрны тэмдэглэл (sleep diary) хөтөлж эхлэхийг зөвлөж байна. Хэзээ орондоо орсон, хэдэн удаа сэрснээ, мөн кофеин болон согтууруулах ундааны хэрэглээгээ тэмдэглэж, үүнийгээ эмчид харуулаарай.

Мөн хэрэв та шөнө чанга хурхирдаг, амьсгал боогддог, өглөө толгой өвдөж эсвэл ам хуурайшиж сэрдэг бол энэ нь амьсгал тасалдах эмгэгийн шинж тэмдэг байж болох тул эмчид заавал хэлээрэй. Үүнээс гадна өдрийн цагаар тогтворгүй болох, анхаарал төвлөрөхгүй байх, шөнө хөл өвдөх, хэт их хөлрөх зэрэг шинж тэмдгүүдийг ч мөн орхигдуулж болохгүй.

Нас ахиж байгаа гээд чанаргүй нойртой эвлэрэх албагүй. Зөрүүд, зовуурьтай нойрны асуудлууд бүгд эмчлэгдэх боломжтой юм. Үүнд амьсгалын аппаратын тусламж, даавар нөхөх эмчилгээ эсвэл нойргүйдлийн эсрэг зан үйлийн сэтгэл засал (CBT-I) зэрэг багтаж болно.

Бидний эцсийн зорилго заавал төгс бөгөөд тасралтгүй нойрсох явдал биш билээ. Харин шөнийн сэрэлт нь таны өдөр тутмын амьдрал болон нойртой харилцах харилцааг хяналтандаа байлгаж чадахааргүй тийм хэмжээнд хүрэх нь хамгаас чухал.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19