Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-25

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ АРАВДУГААР САРААС ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. “Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сэдэвт үндэсний форум Төрийн ордонд болж,  хүүхдийн мэс заслын үе үеийн эмч, судлаач, эрдэмтэд оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал тус форумд оролцож,мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын бодлогыг өвчин хүндэрсний дараа эмчлэхэд бус, өвдөхөөс нь сэргийлэх, хүндрэхээс нь өмнө илрүүлэхэд, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхэд чиглүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын гол зорилтын нэг гэдгийг тэмдэглээд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрт эмчлэх тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байна гэлээ.

Энэ хүрээнд хүүхдийн цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэхээр бэлтгээд байна. 

“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлж, нийт маягтын тоог 41 хувиар бууруулах зорилт хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцлоод эмчийн цагийг цааснаас чөлөөлж, иргэдэд зориулж байгаа шинэчлэл юм гэлээ.

Засгийн газар эмч, сувилагч, мэргэжилтний хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн баталгааг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх шийдвэр гаргаж, 2026 оны төсвийн тодотголд тусган УИХ-д өргөн барьсан. 

Салбарын шинэчлэлийг хэдэн эмнэлэг барьсан, хэдэн тоног төхөөрөмж авснаар нь бус, хэдэн хүүхдийн өвчнийг эрт илрүүлж, хэдэн хүүхдийн амь насыг аварч, хэдэн гэр бүлд итгэл найдвар өгснөөр нь хэмжих ёстой гэлээ.

ЭХЭМҮТ-ийн төрөлжсөн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, сургалт, судалгаа, инновацын уялдааг сайжруулан, Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгон хөгжүүлэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. 

Манай улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өргөжин хөгжиж, чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, төвлөрсөн мэс заслын тусламж зэрэг чиглэлээр төрөлжиж, жилд 14 мянга орчим мэс засал хийж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19