Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг байна. Энэ өдөр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, зүрхний эрүүл мэндийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр зүрх судасны өвчин нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. 2022 онд зүрх судасны өвчний улмаас ойролцоогоор 19.8 сая хүн нас барсан бөгөөд эдгээр нас баралтын 85 орчим хувь нь зүрхний шигдээс болон харвалттай холбоотой байжээ.Зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийн дунд тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт, архины хэтрүүлсэн хэрэглээ, илүүдэл жин, цусны даралт, цусан дахь өөх тос болон сахарын хэмжээ ихсэх зэрэг багтдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зүрхээ хамгаалахын тулд дараах алхамуудыг хийхийг зөвлөжээ.
Тамхи татдаг бол гарах алхам хийх
Давс, ханасан өөх тос, чихэр ихтэй хүнсний хэрэглээг багасгаж, хүнсний ногоо, жимс зэрэг олон төрлийн хүнс хэрэглэх
Өдөр тутмын хөдөлгөөнөө нэмэгдүүлэх
Цусны даралт, цусан дахь сахар, холестерины түвшнээ тогтмол хянах
Шаардлагатай үед эмчийн үзлэг, зөвлөгөөг цаг алдалгүй авах
Агаарын бохирдол болон дам тамхидалтаас аль болох хамгаалах
Г.ГАНЦЭЦЭГ






Эрүүл мэнд




