Монгол Улсын Засгийн газраас орон нутагт үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд шаардлагатай оношилгоо, эмчилгээ хийлгэхээр нийслэлийг зорих хэрэгцээг бууруулах зорилгоор “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээлийн хэлэлцээрт Эрүүл мэндийн сайд Э.Батшугар гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд:
19 аймгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн барилга байгууламж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тусламж, үйлчилгээг үе шаттай шинэчилнэ.
Алслагдсан болон хилийн боомтын дагуух 11 сумын эрүүл мэндийн төвийг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангалтыг сайжруулна.
Өвөрхангай аймагт 300 ортой шинэ жишиг нэгдсэн эмнэлэг барина.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, оношилгоо, эмчилгээний уялдааг сайжруулах цахим лавлагаа шатлалын нэгдсэн сүлжээг хөгжүүлж, эмнэлгийн удирдлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийслэлд төвлөрүүлэх бус, орон нутагт нь ойртуулах нь бидний зорилго. Иргэн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран шаардлагатай оношилгоо, эмчилгээ, тусламж, үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.






Эрүүл мэнд



