Dark Light
Эрүүл мэнд | 2026-10-08

МОНГОЛ УЛС ХИЛИЙН ХЯНАЛТАА ЧАНГАТГАЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУШААЛ ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
ОХУ-ын лабораторийн ажилтан тарваган тахлаар нас барсан байж болзошгүй хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улс хилийн хяналтаа чангатгаж, эрүүл мэндийн тандалтыг нэмэгдүүлэх тушаал гаргажээ. Одоогоор Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас манай улсад учрах эрсдэлийг бага гэж үнэлсэн байна, хэмээн New Tang Dynasty Television (NTD Television) хүргэснийг Zogii.mn толилуулж байна.
 
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас аравдугаар сарын 6-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтууд эрүүл мэндийн тандалт хяналтын доор хэвийн ажиллаж байгааг дурджээ. Хэдийгээр эрсдэлийг бага гэж үнэлсэн ч холбогдох байгууллагуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, нөхцөл байдлыг үргжлүүлэн хянахыг үүрэг болгосон байна. Гаалийн ажилтнуудад нэвтрэх цэгүүдийн шалгалтыг сайжруулах, шаардлагатай хангамж, бэлэн байдлыг хангах, мэдээллийг тогтмол солилцож байхыг даалгажээ. Мөн тус яамнаас Зоонозын өвчин судлалын үндэсний төвд Оросын институтаас шинэчилсэн мэдээлэл авч, олон улсын эрүүл мэндийн тайланг өдөр бүр хянахыг үүрэг болгосон байна.
 
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Жиакүн мягмар гарагт хөрш орнуудын хамтын ажиллагааны талаарх асуултад хариулахдаа Хятад, Орос улс халдварт өвчин, түүний дотор тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр нягт холбоотой ажиллаж, хамтран ажилладаг гэдгийг мэдэгджээ.
 
Нөгөөтэйгүүр, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхны төлөөх хяналтын алба (Роспотребнадзор) лхагва гарагт Эрхүү хот болон түүний орчмын бүс нутгийн оршин суугчдад тархалтын эрсдэл байхгүй гэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжлав. Тус агентлагийн мэдээлснээр хавьталд орсон хүмүүсийн 90 гаруй хувийнх нь эмнэлгийн ажиглалт дууссан бөгөөд 5,000 орчим лабораторийн шинжилгээгээр ямар нэгэн аюултай үүсгэгч илрээгүй байна. Хяналт шалгалтаар тус институтэд эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй холбоотой ямар нэгэн осол гараагүй гэж дүгнэжээ. Нас барсан ажилтны оношийг "шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа" гэж тодорхойлсон бөгөөд шинжилгээгээр түүний хийж байсан ажилтай холбоотой бичил биетэн илрээгүй гэж Роспотребнадзор мэдээлсэн байна.
 
Нас барсан ажилтан нь Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэн судлах институтийн 28 настай лабораторийн техникч Дарья Шипилова байсан бөгөөд тэрээр аравдугаар сарын 2-ны өдөр Шелехов хотын эмнэлэгт нас баржээ.
 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус лхагва гарагт хэлэхдээ, уг үйл явдлын бүрэн дүр зураг хараахан гараагүй байгаа тул эрсдэлийн үнэлгээг бүрэн хийх боломжгүй байна гэв. ДЭМБ-аас ОХУ-ын талаас нас барсан ажилтан болон түүний хавьтлуудад хийсэн шинжилгээ, нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ авсан шалтгаан, хавьтлуудын эрүүл мэндийн байдлын талаар нэмэлт мэдээлэл хүссэн байна. Мөн тус институтийн хоёр дахь ажилтан тодорхойгүй шалтгаант уушгины хатгалгаагаар өвчилсөн гэх мэдээллийг баталгаажуулахаар ажиллаж байгаа аж. ОХУ-ын зүгээс мягмар гарагт ДЭМБ-д мэдээлэхдээ сүүлийн үед Эрхүү мужид тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй, 200 орчим хавьтлыг тусгаарлаад байгаа гэж мэдэгджээ.
 
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн (CDC) мэдээлснээр, тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, үхэлд хүргэх аюултай өвчин бөгөөд хүмүүс ихэвчлэн халдвартай мэрэгч амьтны бөөсөнд хазуулах эсвэл халдвартай амьтантай шууд харьцах замаар халдвар авдаг байна. Тарваган тахлыг антибиотикоор эмчлэх боломжтой боловч хүндрэх болон үхэлд хүрэхээс сэргийлэхийн тулд эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатайг CDC анхааруулжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10