Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, цэвэршилтийн үеийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Цэвэршилтийн кабинетыг анх удаа нээн ажиллуулж байна. Тус кабинет нь цэвэршилтийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цэвэршилтийн үеийн бие махбодын болон сэтгэл зүйн өөрчлөлтийг зөв ойлгуулах, зовуурь шинж тэмдгийг эрт таних, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой юм.
ЦЭВЭРШИЛТИЙН ТАЛААР ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Цэвэршилт бол өвчин биш. Энэ нь эмэгтэй хүний амьдралын жам ёсны нэгэн үе шат юм.
Энэ үед дааврын өөрчлөлтөөс шалтгаалан дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:
- Халуу оргих, шөнө хөлрөх
- Нойргүйдэх, нойрны чанар муудах
- Сэтгэл санаа тогтворгүй болох
- Үтрээ хуурайших
- Ядарч сульдах, анхаарал төвлөрөлт өөрчлөгдөх
Эдгээр шинж тэмдэг эмэгтэй хүн бүрд харилцан адилгүй илэрдэг бөгөөд зарим тохиолдолд эмчийн зөвлөгөө, шаардлагатай эмчилгээ хэрэгтэй байдаг.
ЦЭВЭРШИЛТИЙН КАБИНЕТЫН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
- Цэвэршилтийн талаарх мэдлэг, зөв ойлголтыг нэмэгдүүлэх
- Бие махбодын өөрчлөлт, зовуурийг эрт таньж мэдэхэд туслах
- Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх
- Цэвэршилтийн талаарх буруу ойлголт, айдас, түгшүүрийг бууруулах
- Шаардлагатай үед эмчид хандах, мэргэжлийн тусламж авах хандлагыг сайжруулах
- Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Цэвэршилтийн үеийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг Нийслэлийн Амгалан амаржих газрын Амбулаторийн тасгаар харьяалал харгалзахгүйгээр үзүүлж байна.
АДМИН






Эрүүл мэнд




