Салхин цахилгаан станцын төслийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр бүтээн байгуулалтын зардлыг 23 хувиар бууруулах боломжтой
Салхин цахилгаан станцын гэрээг инфляцтай бүрэн уялдуулж, салбарын зохицуулалтад хэд хэдэн шинэчлэл хийснээр салхинаас гарган авч буй цахилгаан эрчим хүчний бөөний үнийг бууруулж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх боломжтой болохыг Ирландын Салхины эрчим хүчний холбооны (Wind Energy Ireland) захиалгаар “Baringa Management Consulting” байгууллагаас гаргасан шинэ тайланд дурджээ.
Тайланд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх долоон бодлогын зөвлөмжийг дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг хэрэгжүүлснээр шинэ салхин цахилгаан станц барих хөгжүүлэлтийн зардлыг 23 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон байна.
Санхүүжилтийн зардал хамгийн өндөр жин дарж байна
Судалгаанаас харахад Ирландад салхин цахилгаан станц барих хамгийн том зардал нь салхин турбин эсвэл барилга угсралтын ажил бус, харин санхүүжилтийн зардал бөгөөд нийт зардлын 42 хувийг дангаар эзэлж байна. Зах зээлийн тодорхойгүй байдал, эрсдэл өндөр байгаагаас үүдэн зээлдүүлэгчид болон хөрөнгө оруулагчид илүү өндөр хүү, өгөөж шаарддаг нь ийнхүү өртгийг хөөргөдөхөд хүргэжээ.
Зөвлөмжүүдийн дийлэнх нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөрийн (RESS) гэрээний нөхцөлийг шинэчлэхэд чиглэсэн байна. Тус хөтөлбөр нь салбарыг дэмжих зорилгоор үйлдвэрлэгчдэд тогтмол үнэ буюу суурь тариф (strike price) олгодог бөгөөд сүүлийн дуудлага худалдаагаар энэ үнэ мегаватт-цаг (МВт.ц) тутамд дунджаар 97 евро байжээ. Хэрэв зах зээлийн үнэ үүнээс доогуур байвал төрөөс зөрүүг нь нөхөж олгодог бол зах зээлийн үнэ өндөр гарвал станцууд зөрүүг нь хэрэглэгчдэд буцаан төлдөг зохицуулалттай юм.
Одоогийн байдлаар уг гэрээний үнийн ердөө 30 хувийг инфляцтай уялдуулж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам гэрээний бодит үнэ цэнийг бууруулж, төслүүдийг эрсдэлд оруулж байна. Тиймээс шинжээчид:
-
Гэрээний үнийг инфляцтай 100 хувь уялдуулах,
-
RESS гэрээний хугацааг 15 жилээс 20 жил болгон сунгах,
-
Цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдох шаардлагыг хялбаршуулж, шударга тариф тогтоох,
-
Станцуудыг илүүдэл эрчим хүч үйлдвэрлэсэн үед нь зогсоохын оронд газар дээр нь батарей хуримтлуур ашиглан нөөцлөх боломж олгохыг зөвлөжээ.
Хэрэглэгчдэд учрах бодит хэмнэлт
Хэрэв эдгээр бодлогыг өнгөрсөн оны дуудлага худалдаанд хэрэгжүүлсэн бол RESS гэрээний дундаж үнэ МВт.ц тутамд 97 еврогоос 69 евро болж буурч, гэрээний нийт хугацаанд хэрэглэгчдэд 120 сая орчим еврогийн хэмнэлт авчрах байсныг тайланд тооцоолсон байна.
Ирландын Салхины эрчим хүчний холбооны гүйцэтгэх захирал Ноэль Каннифф “Салхин цахилгаан станцын хамгийн том зардал нь ган төмөр эсвэл бетон биш, харин тодорхойгүй байдлын зардал юм. Бодлогын эрсдэл нэмэгдэх бүрд тэр зардал эцэстээ хэн нэгний цахилгааны төлбөр дээр нэмэгддэг” хэмээн онцолжээ.
Тус холбооны мэдээллээр, есдүгээр сарын эцсийн байдлаар барилгын зөвшөөрлөө хүлээж буй нийт 2,739 МВт хүчин чадалтай 49 салхин цахилгаан станцын төсөл байгаагаас гуравдугаар улиралд ердөө хоёр төсөл зөвшөөрлөө авсан байна.
Монголын салхины эрчим хүчний төслүүдийн үнэ өртөг ба төлөв
Ирландын зах зээлтэй харьцуулахад Монгол Улсын салхины эрчим хүчний салбар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, өдгөө төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийт 155 МВт хүчин чадал бүхий гурван томоохон салхин цахилгаан станц ажиллаж байна:
-
“Салхит” СЦС (Төв аймаг). 50 МВт хүчин чадалтай, 2013 онд ашиглалтад орсон Монголын анхны салхин станц (нийт хөрөнгө оруулалт ~120 сая ам.доллар).
-
“Цэций” СЦС. 50 МВт хүчин чадалтай, 2017 онд ашиглалтад орсон (нийт хөрөнгө оруулалт ~128 сая ам.доллар).
-
“Шандын” СЦС. 55 МВт хүчин чадалтай, 2018 онд ашиглалтад орсон (нийт хөрөнгө оруулалт ~120 сая ам.доллар).
Тарифын шинэчлэл ба ирээдүйд хэрэгжих төслүүд
Эхний гурван салхин цахилгаан станц нь 2007 оны Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу анх 1 кВт.ц цахилгааныг 0.08–0.095 ам.доллар буюу 1 МВт.ц тутамд 80–95 ам.долларын (ойролцоогоор 75–90 евро) тогтмол тарифаар нэгдсэн сүлжээнд нийлүүлэх гэрээтэй ажиллаж ирсэн нь дулааны станцуудын өртгөөс харьцангуй өндөр, валютын ханшийн эрсдэл дагуулдаг байв.
Үүнийг өөрчлөх зорилгоор УИХ 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тогтмол өндөр үнээр гэрээлдэг тогтолцоог халж, өрсөлдөөнт дуудлага худалдааны (аукцион) зарчимд шилжүүлсэн юм. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд зарлагдсан сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийн нийлүүлэх тариф 1 кВт.ц тутамд 0.045–0.055 ам.доллар (МВт.ц тутамд 45–55 ам.доллар) буюу өмнөхөөсөө бараг хоёр дахин хямдарсан үзүүлэлттэй болжээ.
Цаашид Монгол Улс 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд Говийн бүс нутагт “Оюу Толгой” болон уул уурхайн томоохон хэрэглэгчдийг хангах 100–250 МВт хүртэлх хүчин чадалтай шинэ салхин цахилгаан станцууд, мөн сүлжээний тогтвортой байдлыг хангах томоохон батарей хуримтлуурын станцуудыг (BESS) барьж байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



