Дэлхий даяар олон сая үзэгчийг байлдан дагуулсан “Netflix”-ийн алдарт “Physical: Asia” реалити шоуны хоёрдугаар улирал болох “Physical: Asia Season 2 – Unbroken” 2027 онд дэлхий даяар нээлтээ хийхээр болсныг албан ёсоор зарлалаа.
Тус шоуны анхны улирал болон “Physical: 100”-г бүтээсэн ерөнхий продюсер, найруулагч Жан Хо Ги хоёрдугаар улирлыг мөн удирдан ажиллах юм. Шинэ улирал нь улс орнуудын баг хоорондын өрсөлдөөний форматыг хадгалахын зэрэгцээ цоо шинээр зохион бүтээсэн даалгаврууд, илүү гүнзгий стратеги, урьдчилан таамаглахын аргагүй тулаануудаар үзэгчдийг гайхшируулахаар бэлтгэж байна.

Анхны улиралд Монголын баг хэрхэн гялалзав?
2025 оны аравдугаар сард цацагдсан “Physical: Asia” шоуны анхны улиралд Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин гэсэн найман улсын нийт 48 шилдэг тамирчин өрсөлдсөн юм. Тус улиралд Мэнни Пакьяо, Роберт Уиттакер, Ким Дон Хён, Амотти зэрэг дэлхийн спортын одод оролцсоноос Монголын шигшээ баг хүч чадал, тэсвэр хатуужил, багийн эв нэгдлээрээ дэлхийн үзэгчдийг алмайруулж, шилдэг амжилт үзүүлсэн түүхтэй.
Эхний улиралд Монголын багийн бүрэлдэхүүнд:
-
Улсын арслан Б.Орхонбаяр (багийн ахлагч),
-
Холимог тулаанч Б.Энх-Оргил,
-
3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
-
Жүдо бөхийн ОУХМ А.Адъяасүрэн,
-
Волейболын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,
-
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир нар багтан оролцсон билээ.
Монголын тамирчид зөвхөн биеийн хүчээр бус, уламжлалт нүүдэлчин ахуйгаас улбаатай тэсвэр тэвчээр, ухаалаг тактикаараа өрсөлдөгчдөөсөө ялгарч, дэлхийн олон сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.
Соёлын солилцоо ба дэлхийн тайзан дахь нэр хүнд
Шоуны дараа Монголын тамирчдын олон улс дахь нэр хүнд огцом өсөж, оролцогч орнууд хоорондын соёл, спортын солилцоо шинэ шатанд гарсан билээ. Тухайлбал, багийн ахлагч Б.Орхонбаяр болон бусад гишүүд Өмнөд Солонгосын телевизийн томоохон нэвтрүүлгүүдэд уригдан оролцож, тус шоуны оролцогчид болох Солонгосын тамирчин Ким Дон Хён, Амотти нар Монголд хүрэлцэн ирж, монгол бөх, нүүдэлчин соёлтой танилцсан нь хоёр орны үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Хоёрдугаар улиралд Монголын баг оролцох уу?
Одоогийн байдлаар “Netflix”-ийн зүгээс “Physical: Asia Season 2 – Unbroken” шоуны зөвхөн нэр болон 2027 онд цацагдах ерөнхий товыг зарлаад байгаа бөгөөд оролцох улсууд болон тамирчдын бүрэн бүрэлдэхүүнийг албан ёсоор хараахан зарлаагүй байна. Цахим орчинд Монголын баг хоёрдугаар улирлын зураг авалтад оролцоод ирсэн гэх таамаг гараад байгаа ч шоуны баг болон албаны эх сурвалжууд оролцогчдын нэрсийг нууцлалын гэрээний дагуу баталгаажуулаагүй байгаа юм.
Продюсер Жан Ху-ги тэмцээний талбарт шинэ, хүчирхэг өрсөлдөгчид нэгдэж байгааг баталсан хэдий ч аль улсын багууд, ямар тамирчид оролцох нь одоогоор тодорхой болоогүй байна.
2-р улиралд Монголын баг оролцох эсэх нь албан ёсоор баталгаажаагүй байгаа ч 1-р улиралд дэд аварга болсон амжилт, олон улсад олсон асар их нэр хүнд зэргээс нь шалтгаалан тэднийг дараагийн улиралд өрсөлдөх магадлал өндөртэй, хүлээлт үүсгэсэн баг гэж үзэж болно.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл



