Ахлах ангийн сурагч охид гэр хорооллын 600 гаруй өрхийн аюулгүй орчныг бүрдүүлэхээр 20 хяналтын камер суурилууллаа
“Томужин” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Мөнхжин, Б.Энхжин, Б.Хулан, Н.Анударь нар нийслэлийн гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаад буй аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийгмийн хариуцлагын төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Тэд төслөө эхлүүлэхийн өмнө бодит нөхцөл байдлыг тодорхойлохоор Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсийн 5,336 иргэнээс санал асуулга, судалгаа авч, иргэдэд тулгарч буй гол эрсдэлүүдийг нарийвчлан тогтоосон байна.
Судалгааны үр дүнд тулгуурлан сурагч охид бие даан төсөл боловсруулж, шаардлагатай санхүүжилтийг босгосноор тус дүүргийн 33 дугаар хорооны гэрэлтүүлэг муутай, эрсдэл өндөртэй гудамж, талбайг сонгон нийт 20 ширхэг хяналтын камер суурилуулжээ. Ингэснээр тухайн бүсэд оршин суудаг 600 гаруй айл өрхийн орчны аюулгүй байдал сайжирч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодит нөхцөл бүрдсэн байна.
Төсөл хэрэгжсэний дараах эргэх холбоо, үр нөлөөний үнэлгээгээр судалгаанд хамрагдсан иргэдийн 63 хувь нь “шөнийн цагаар зорчих айдас бодитоор буурсан” хэмээн үнэлсэн нь ахлах ангийн сурагчдын санаачилга нийгэмд бодит өөрчлөлт авчирсныг харуулж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



