ОХУ-ын Засгийн газар эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд хамтарсан судалгаа үргэлжилсээр байна
Эгийн голын усан цахилгаан станцын (УЦС) төсөлд байгаль орчны эерэг дүгнэлт гарч, барилгын ажил шууд эхлэх нөхцөл бүрдсэн мэт ойлголт зарим хүрээнд төрж байгаа ч бодит байдал дээр Монголын тал эрт баярлах болоогүйг Оросын шинжлэх ухаан, улс төрийн эх сурвалжууд харуулж байна.
ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БА “ЦАХИМ ИХЭР” ТӨСӨЛ
Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын албан ёсны Наука в Сибири (sbras.info) хэвлэлд мэдээлснээр, Орос, Монголын эрдэмтэд Байгаль нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний сав газрын ус зүй, экологийн нөхцөл байдлыг цогцоор нь хянах “цахим ихэр” (digital twin) буюу цахим загварчлалын системийг хамтран бүтээхээр ажиллаж байна. Энэхүү судалгааны гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт болон Монголын нутагт баригдахаар төлөвлөж буй усан цахилгаан станцууд Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тооцоолох явдал юм.
Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн түвшинд судалгаа, загварчлалын ажил дөнгөж эрчимжиж байгаа бөгөөд төслийг бүрэн зөвшөөрсөн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.
ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ЮНЕСКО-ГИЙН БАЙР СУУРЬ
ОХУ-ын Төрийн Думын Экологийн хорооны дарга Елена Пановагийн мэдэгдсэнээр, хоёр орны эрдэмтдийн хамтарсан урьдчилсан тайланг арваннэгдүгээр сарын 18-нд Оросын Шинжлэх ухааны академид шилжүүлэн өгсөн ч тус академи болон ОХУ-ын Засгийн газраас уг дүгнэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, төслийг дэмжсэн ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй байна.
Үүнээс гадна төслийг эхлүүлэхэд дараах хоёр том даваа хэвээр байгаа юм:
-
Оросын талын болгоомжлол: Оросын экологичид болон орон нутгийн хэвлэлүүд Эгийн голын далан нь ховор загасны нүүдэл болон Байгаль нуурын усны түвшинд сөргөөр нөлөөлнө гэх байр сууриасаа ухраагүй хэвээр байна.
-
ЮНЕСКО-гийн шаардлага: Байгаль нуурыг Дэлхийн өвд бүртгэн хамгаалдаг ЮНЕСКО-гийн зүгээс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг Оросын талтай бүрэн зөвшилцөж, эцэслэн баталгаажуулахаас нааш барилгын ажлыг эхлүүлэхгүй байх шаардлагыг хэвээр мөрдөж байгаа билээ.
Тиймээс эрдэмтдийн түвшинд хийгдэж буй судалгааны ажлыг ОХУ-ын Засгийн газрын эцсийн зөвшөөрөл мэтээр дүгнэх нь эрт байгаа бөгөөд Эгийн голын УЦС-ын хувь заяа шинжлэх ухааны нотолгоо, дипломат зөвшилцлийн шатандаа үргэлжилж байна.
Эгийн голын усан цахилгаан станц нь Монгол Улсын Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй 315 МВт-ын хүчин чадалтай төсөл юм. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий томоохон төслүүдийн нэгд тооцогдох уг төсөл нь цахилгаан эрчим хүчний импортыг бууруулах, улсын төвийн бүс дэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилготой.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



