Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ дэлхий нийтэд олон жилийн турш хөгжиж ирсэн. Манай улс 20 гаруй жилийн өмнөөс энэ эмчилгээг нэвтрүүлж, сүүлийн 10 гаруй жилд идэвхтэй хөгжүүлж байна. Гэсэн хэдий ч бид зөвхөн эмчилгээний тал дээр анхаарч, олон нийтэд хангалттай мэдээлэл өгч чадаагүй байж магадгүй юм. Өнөөдрийн байдлаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг нийт 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд тэдний зөвхөн 17 нь тархины үхэлтэй донороос эрхтэн авсан. Энэ нь нийт мэс заслын ердөө 5 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүлийн Байгууллага (ДЭМБ)-аас амьд донороос эрхтэн авахын оронд амьгүй донороос шилжүүлэн суулгахыг дэмждэг. Гэвч монголчуудын сэтгэлгээ, соёлын онцлог зэргээс шалтгаалан амьгүй донорын олдоц тун бага байна" гэж онцлов.
2018 онд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор тусгай алба байгуулагдсан. Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн харьяа Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулж, гавьяат эмч П.Батчулуун даргаар ажилласан байна. Энэ хугацаанд 270 гаруй талийгаачийн ар гэрт санал тавьсан боловч зөвхөн 31 тохиолдолд зөвшөөрөл өгчээ. Одоогоор тархины үхэлтэй донор хүлээгдэж буй 430 хүн жагсаалтад бичигдсэн бөгөөд тэдгээрийн олонх нь эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой донор гарахыг хүлээн, амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Сүүлийн гурван жилд хүлээгдэж байсан 30 гаруй хүн донор олдоогүйгээс амь насаа алдсан байна.
Гэвч Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа доголдсоноор амьгүй донорын олдоц бүр ч багассан. Энэ асуудалтай холбоотойгоор П.Батчулуун эмч болон түүний гэр бүлийнхэн шүүхийн процессын дарамтад орж, эмчийн эрүүл мэндийн байдал хүндэрчээ. Түүний өмгөөлөгч Э.Ганбат "Монгол Улсын хуулиар аливаа хэрэг маргааныг гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалттай. Анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа ч бид Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй. Монголын шүүхийн практикт 22 жилийн хугацаанд хүний эд, эрхтэн хууль бусаар авахтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэж байгаагүй. Тиймээс Улсын Дээд Шүүх энэ асуудлыг анх удаа авч хэлэлцэж, шүүхийн практик тогтоох шаардлагатай" гэж байр сууриа илэрхийллээ.