Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
- Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлах, Хүний гавьяат эмч П.Батчулуун хоригдсоноос болж донор олдохоо байсан талаар эмч мэргэжилтнүүд мэдээлж байна. Нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Тархи нь үхэжсэн донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал манай улсад хэд хэдэн удаа хийгдсэн. Энэ нь салбарын хөгжлийн нэг илрэл. Энэхүү мэс заслыг амжилттай хэрэгжүүлж буй үндэсний багууд болон тэдний гишүүд иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх нь ажлынх нь нэг хэсэг юм. Эрүүл мэндийн яамны хувьд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх чиглэлд тодорхой бодлого баримталж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
Харин хамгийн гол асуудал нь эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийн ажлын үүргээ биелүүлснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэг нөхцөл байдал үүссэн явдал юм. Энэ нь дэлхий дээр цөөн хэдэн оронд л тохиолдож буй асуудал. Тиймээс бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлыг хэрхэн сайжруулах, суурь өөрчлөлт хийх талаар анхаарах ёстой. П.Батчулуун эмчид тохиолдсон явдал бол олон нийтэд ил болсон нэг л жишээ. 2023-2024 онд гэхэд 20 орчим эмч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ял шийтгүүлсэн байна.
- Эмч, эрүүл мэндийн ажилчдын эрх зүйн байдлыг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Би УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын хувьд эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилж, үзэл баримтлалыг нь боловсруулан ажиллаж байна. Энэ хууль дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, энэ ондоо багтан УИХ-ын чуулганд өргөн баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр бид эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх зүйн суурь асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
- Донорын тухай хуульд өөрчлөлт орох уу?
-П.Батчулуун эмчийг хоригдсоноос хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдээгүй байна. Энэ нь буруу ойлголт, мэдээлэл үүсгэж байгаагийн нэг илрэл. Бид энэ асуудалд нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хандах ёстой. Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж, мэргэжилтнүүдийн санал бодлыг тусган ажиллаж байна. Олон хүний амь насыг аврах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь бидний зорилго юм.