Казахстаны номын сангууд шөнө дунд хүртэл ажиллаж эхэллээ: Манай томоохон номын сангууд хэд хүртэл ажилладаг вэ?
Оюутан залуус, ажил эрхэлдэг иргэд болон судлаачдад зориулан оройн цагаар номын сангуудыг уртасгасан цагаар ажиллуулах жишиг бүс нутгийн орнуудад нэвтэрч эхэллээ.
Казахстаны Соёл, мэдээллийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 13-наас эхлэн Астана хот дахь БНКазУ-ын Үндэсний академик номын сан болон Алматы хот дахь Үндэсний номын сангууд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжжээ. Шинэ хуваарь мөрдөгдөж эхэлсэн эхний тав хоногт л гэхэд Алматы хотын номын санд 20:00 цагаас хойш үйлчлүүлэх уншигчдын тоо 45 байснаас 600 болж огцом өссөн бол Астанагийн номын санд зарим өдөр 480 гаруй хүн оройн цагаар сууж үйлчлүүлсэн байна. Тус улсын номын сангийн ажилтнуудыг ээлжийн хуваариар ажиллуулж, шөнийн ээлж буусны дараа гэрт нь хүргэж өгөх унаагаар хүртэл хангажээ.

Манай улсын томоохон номын сангуудын цагийн хуваарь ямар байдаг вэ?
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон номын сангууд одоогоор өвлийн цагийн хуваарийн дагуу дараах цагуудад уншигчдадаа үйлчилж байна.
-
Монгол Улсын Үндэсний номын сан (Төв болон шинэ салбар байр):
Ажлын өдрүүдэд (Даваа–Баасан) 09:00–20:00 цаг хүртэл хоёр ээлжээр, амралтын өдрүүдэд (Бямба, Ням) 09:00–17:00 цагийн хооронд ажилладаг. -
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
Ажлын өдрүүдэд (Даваа–Баасан) 09:00–20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд (Бямба, Ням) 10:00–19:00 цагийн хооронд уншигчдыг хүлээн авч байна. -
МУИС-ийн номын сан:
Ердийн үед ажлын өдрүүдэд 08:30–21:00, Бямба гарагт 09:00–18:00 цагийн хооронд ажилладаг. Харин улирлын шалгалтын үеэр амралтын өдрүүдэд 09:00–21:00 цаг хүртэл уртасгадаг бөгөөд ирэх 12-р сарын 1-нээс 30-ныг дуустал уншлагын танхим нь 24 цагаар ажиллахаар болжээ. (Тухайн өдрийн 17:00 цагаас өмнө номоо захиалсан байх шаардлагатай).
Хэдийгээр манай улсын нийтийн номын сангууд ихэвчлэн 20:00 цагт хаадаг ч их, дээд сургуулийн номын сангууд шалгалтын үеэр оюутнууддаа зориулан 24 цагаар ажиллах зохицуулалтыг ийнхүү хэрэгжүүлж байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



