Мягмар гарагт (11-р сарын 17) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх телевизийн шууд эфирээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан нь тус улсын улс төрийн хүрээнийхнийг хэдхэн минутын дотор цочролд орууллаа. Энэхүү гэнэтийн шийдвэр нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хэдэн сараар наашлуулах магадлалтай байна хэмээн bne IntelliNews цахим порталд Михаэль Кон бичжээ.
Түүнийг 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн өмчит төмөр замын гэрээтэй холбогдуулан 25 сая ам.доллар авсан байж болзошгүй гэх хардлага шуугиан дэгдээсний дараа ийнхүү огцрохоор болов. У.Хүрэлсүх аливаа хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдэж, албан тушаалынхаа халдашгүй байдлаар халхавч хийлгүй, жирийн иргэний хувиар өөрийгөө хамгаална гэдгээ илэрхийлжээ.
"Шударга ёсны төлөө төрийн тэргүүн албан тушаалаасаа бууж, үнэн мөнийг тогтоох, бүх нөхцөл байдлыг тодруулах боломжийг олгох ёстой гэж Ерөнхийлөгч үзэж байна" хэмээн тэрбээр өөрийнхөө тухай мэдэгдсэн юм.
Монгол Улс ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулиа 2027 онд хийх товтой байсан ч У.Хүрэлсүх огцорсноор ээлжит бус сонгууль зарлах нөхцөл үүсэж байна. Түүний огцрох хүсэлтийг эхлээд УИХ хэлэлцэж батлах ёстой бөгөөд хэрэв хүлээн авбал дөрвөн сарын дотор шинэ сонгууль явуулах хуулийн зохицуулалттай. Энэхүү мэдэгдэл нь угаас тогтворгүй байсан улс төрийн залгамж халааг улам бүр тодорхойгүй болгож, улс төрийн намууд болон боломжит нэр дэвшигчдийг төсөөлж байснаас хэдэн сарын өмнө сонгуулийн сурталчилгаандаа орох сорилттой тулгалаа.
2021 ОНЫ ОГЦРОЛТТОЙ ТӨСТЭЙ ТАЛУУД
Германы Мангеймийн их сургуулийн Монгол судлаач Жулиан Диеркес энэхүү мэдэгдэлд гэнэтийн цочролд орсноо хэлээд, үүнийг У.Хүрэлсүхийн 2021 онд Ерөнхий сайдаас огцорсон үйл явдалтай төстэй байгааг онцолжээ.
У.Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сард цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын дараа Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, улмаар таван сарын дараа Монгол Ардын Намаас (МАН) Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан билээ.
"2021 онд жагсаалын улмаас огцорч байна гэж хэлээд удалгүй Ерөнхийлөгчид нэр дэвшсэнтэй нь маш хүчтэй ижил төстэй дүр зураг харагдаж байна. Тухайн үед түүнийг жагсаал бус, харин улс төрийн тооцоолол огцроход хүргэсэн нь дараагийн нүүдлээс нь тодорхой болсон" гэж Диеркес ярьжээ. Тэрбээр энэ удаагийн алхмын ард ч мөн шинэ гэхээргүй байгаа авлигын хардлагаас илүүтэй ижил төстэй улс төрийн тооцоолол байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэл одоогоор тодорхойгүй байгааг нэмж хэлсэн байна.
Монголын Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдэл харьцангуй хязгаарлагдмал бөгөөд ихэвчлэн улс орноо төлөөлөх бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг тул энэ огцролт Засгийн газрын бодлогод шууд өөрчлөлт авчрахгүй гэж Диеркес үзэж байна. Харин хамгийн том асуулт нь түүний энэ шийдвэр эрх баригч нам болон намын дотоод эрх мэдлийн тэмцэлд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт оршиж байгаа юм.
Улс төрийн тоймч, "Mongolia Weekly" сэтгүүлийн эрхлэгч Амар Адияа энэхүү огцролтыг У.Хүрэлсүхэд МАН дахь нөлөөгөө хадгалж, улс төрийн өөр албан тушаалд өөрийгөө бэлтгэх боломж олгосон нарийн тооцоолсон шийдвэр гэж үзэж байна.
Түүний хэлснээр У.Хүрэлсүхийн улс төрийн замнал нь албан тушаалаасаа огцорч, улмаар илүү өндөр эрх мэдэлд хүрэх нүүдлүүдээр дүүрэн байжээ. Тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж 2014 онд Шадар сайд болсон. Дараа нь 2017 онд Шадар сайдаас огцорч долоон долоо хоногийн дотор Ерөнхий сайд болсон бол 2021 онд Ерөнхий сайдаас огцроод таван сарын дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
"Хэн ч үүнийг урьдчилан хараагүй, магадгүй У.Хүрэлсүх өөрөө ч төсөөлөөгүй байх. Гэхдээ энэ алхам урьдаас төлөвлөсөн мэт харагдаж байна" гэж Амар хэлэв. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, зөвхөн зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдохоор хязгаарласан нь У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалын улс төрийн үнэ цэнийг бууруулсан гэж тэрбээр тайлбарлажээ.
НӨЛӨӨЛЛИЙН УХРАЛТ
Мөн У.Хүрэлсүх Засгийн газрын бодлогод нөлөөлөх оролдлогууддаа ухралттай тулгарч байсныг Амар дурдаад, Оюутолгойн зэсийн уурхайн орлогыг иргэдэд бэлнээр тараах уу, эсвэл Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх үү гэх сүүлийн үеийн маргааныг жишээ болгон татсан байна.
"Тэр Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр олгохыг шахаж байсан ч Засгийн газар төсөвтөө тусган баялгийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Сөрөг хүчин болох Ардчилсан намын шаардлага түүнд албан тушаалаасаа нэр төртэйгөөр буух шалтаг өгсөн бөгөөд тэр үүнийг нэг хоногийн дотор ашиглалаа" гэж Амар хэлжээ. Гэхдээ энэ дүгнэлт нь түүнийг мөрдөн байцаалтаас зугтаж байна гэсэн үг биш бөгөөд одоогоор албан ёсоор ямар нэгэн ял тулгаагүй, хардлагууд нотлогдоогүй байгааг тэрбээр онцолсон байна.
Үүний оронд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух нь дотоод фракцуудын зөрчил, удирдлагын ойр ойрхон өөрчлөлтөөс болж хуваагдаад буй МАН-ыг нэгтгэхэд анхаарлаа хандуулах боломжийг түүнд олгож магадгүй юм. У.Хүрэлсүх эрх баригч намын эв нэгдлийг сэргээж, өөрөө шууд болон холбоотнуудаараа дамжуулан намын удирдлага дахь нөлөөгөө эргүүлэн авахыг эрмэлзэж магадгүй гэж Амар үзэж байна.
Энэхүү хардлага нь эрх баригч намын дотоод хурцадмал байдлыг ч ил болголоо. Учир нь 25 сая ам.долларын авлигын талаарх мэдээллийг дэлгэсэн Улаанбаатар хотын захирагч асан Хишгээгийн Нямбаатар нь МАН-ын өрсөлдөгч фракцад харьяалагддаг нэгэн юм. Сөрөг хүчин болох Ардчилсан нам энэ мэдээллийг ашиглан өндөр албан тушаалтнуудыг шалгах, төрийн гэрээ хэлцлийн ил тод байдлыг хангахыг шаардаж байна. Харин төмөр замын төсөлд оролцсон "Бодь Интернэшнл" компани төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн гэх мэдээллийг няцаагаад байгаа бөгөөд У.Хүрэлсүхийн эсрэг хардлага одоогоор тогтоогдоогүй байна.
Монгол Улс ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэдийнэ бэлтгэж эхэлсэн үед энэ үйл явдал болж буйгаараа онцлогтой.
Судалгааны MEC байгууллагаас есдүгээр сард Улаанбаатар болон орон нутгийн сонгуулийн насны 802 иргэний дунд явуулсан судалгаагаар Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар болон Норовын Алтанхуяг нар тус бүр 37 орчим хувийн дэмжлэг авч байжээ. Г.Занданшатар нь эрх баригч МАН-аас нэр дэвших магадлалтай хүн бол Н.Алтанхуяг Ардчилсан намтай холбоотой. Хэдийгээр тэдний хэн нь ч сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлээгүй байгаа ч уг судалгаа нь У.Хүрэлсүхийг огцрох болон сүүлийн үеийн хардлага гарахаас өмнө хийгдсэн тул ээлжит бус сонгууль зарлагдвал улс төрийн зураглал эрс өөрчлөгдөх боломжтой.
УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт ч мөн залгамж халааны үйл явцад чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Хэрэв У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хүлээн авбал шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон гүйцэтгэх юм.
МАН одоо шинэ сорилтуудтай тулгарч байна. Тус нам парламент болон Засгийн газрыг хянаж байгаа ч удирдлагын цуврал өөрчлөлтийн дараа дотоод фракцууд нь нөлөөллийн төлөө улам бүр ширүүн өрсөлдөх болжээ.
У.Хүрэлсүхийн дараагийн алхам тодорхойгүй хэвээр байна. Түүний энэ удаагийн огцролт нь улс төрийн замналынх нь төгсгөл үү, эсвэл илүү урт хугацааны тоглолтод эрх мэдлээ сунгах гэсэн ээлжит нарийн нүүдэл үү гэдэг нь нээлттэй асуулт хэвээр үлдлээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр



