Их Британи Орос, Хятад, Иран, Хойд Солонгосын эсрэг кибер довтолгоо хийж буйгаа баталлаа
Их Британи улс ОХУ, БНХАУ, Иран болон БНАСАУ-ын эсрэг довтолгооны шинжтэй кибер ажиллагаа явуулж байгааг Британийн армийн дээд тушаалын командлагч анх удаа олон нийтэд албан ёсоор баталлаа.
Их Британийн Кибер болон тусгай ажиллагааны командлалын тэргүүн, генерал Роб Магован кибер аюул заналхийлэл нэмэгдэж буй энэ үед Үндэсний кибер хүчин дайсагнагч улсуудын эсрэг довтолгооны үүрэг гүйцэтгэж байгааг мэдэгджээ.
Энэ оны эхээр дөрвөн одтой генералын албан тушаалд томилогдсоноосоо хойш Sky News телевизэд өгсөн анхны ярилцлагадаа Магован "Бидний нэрлэдгээр кибер орон зай нь орчин үеийн дайн тулаанд улам бүр чухал байр суурь эзлэх боллоо" хэмээн онцолсон байна.
Үндэсний кибер хүчин довтолгооны ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодруулахад тэрбээр "Тийм ээ, бид энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн" гэж хариулжээ.
"Дэлхий дахинд олон төрлийн аюул заналхийлэл оршиж байна. Орос, Хятад, Иран, Хойд Солонгос улсууд бидний амьдралын хэв маягт заналхийлж, кибер орон зайд ажиллагаа явуулж байгааг бид маш тодорхой мэдэгдсээр ирсэн. Тэд кибер орон зайд үйл ажиллагаа явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх болно гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Манай кибер хүчний гол зорилго ч үүнд оршиж байгаа юм" гэж генерал Магован хэлэв.
Түүнчлэн тус хүчин зөвхөн улс орнуудаас гадна зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд болон цахим орчинд хор хөнөөлтэй үйлдэл хийж буй этгээдүүд, тэр дундаа хүүхдүүдийн эсрэг чиглэсэн гэмт хэрэгтнүүдийг онилдог болохыг тэрбээр дурдсан байна. "Цахим орчинд манай хүүхдүүдэд хүртэл хор хөнөөл учруулж буй тэдгээр хүмүүстэй тэмцэх нь Үндэсний кибер хүчний үйл ажиллагааны нэг хэсэг" гэж тэрбээр нэмж хэллээ.
ШИНЭ ТӨВ БАЙР НЭЭГДЖЭЭ
Энэ долоо хоногийн эхээр Их Британийн Хаан III Чарльз Ланкашир мужийн Сэмлсбери хотод Үндэсний кибер хүчний шинэ төв байрыг албан ёсоор нээсний дараа генерал Магован дээрх мэдэгдлийг хийсэн юм.
Тус хүчний үйл ажиллагааны нарийн ширийн зүйлс ихэвчлэн нууцын зэрэглэлд хамаардаг ч ажлын ихэнх хэсгийг Их Британи дахь байгууламжууд, тэр дундаа Сэмлсбери дэх "Ribble House"-аас удирдан явуулдаг байна.
Генерал Магованы тайлбарласнаар тус хүчин дайсагнагч талын сүлжээнд нэвтэрч, мэдээлэл цуглуулах замаар дотор нь ажиллагаа явуулдаг аж. "Бид компьютерын сүлжээний эмзэг байдлыг ашиглан өрсөлдөгчийнхөө сүлжээний бүтцийг ойлгож, тэр сүлжээн дотор нь бодит нөлөө үзүүлэх чадвартай" гэж тэрбээр мэдэгджээ. Их Британид тулгарч буй кибер аюул заналыг "ноцтой" хэмээн тодорхойлсон Магован тус улсын довтолгооны чадавх нь шинээр гарч ирж буй аюул заналхийлэлд цэргийн аргаар хариу барих боломжийг олгож байгааг онцолсон байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



