Dark Light
Гадаад | 2026-11-21

АНУ, ОРОС, ИЗРАИЛЬ ГУРАВ "АЛУУРЧИН РОБОТ"-ЫГ ХЯЗГААРЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | trtworld

Женев хотноо болсон НҮБ-ын бага хурал дээр хүний хяналтгүйгээр байг устгах чадвартай автономит зэвсэг буюу "алуурчин робот"-ыг хуулиар хязгаарлах асуудлыг 128 орон хэлэлцлээ. 100 орчим улс хатуу дүрэм батлахыг дэмжиж, Хятад, Австрали зэрэг орнууд уян хатан хандаж эхэлсэн ч зөвшилцлийн дүрмийн дагуу зэвсэг үйлдвэрлэгч томоохон гүрнүүдийн эсэргүүцэл шийдвэрийг гацаажээ.

"АЛУУРЧИН РОБОТ"-ЫГ ЗОХИЦУУЛАХ НҮБ-ЫН ХЭЛЭЛЦЭЭ ТОМООХОН ГҮРНҮҮДИЙН ЭСЭРГҮҮЦЛЭЭС БОЛЖ СУЛАРЛАА

Хүний хяналтгүй эсвэл маш бага оролцоотойгоор ажилладаг зэвсгийн системийг зохицуулах НҮБ-ын хэлэлцээ хоёр жилийн дотор буюу 2028 он гэхэд шинэ дүрэм боловсруулах хэлэлцээг үргэлжлүүлэх амлалттайгаар бямба гарагт өндөрлөлөө.

Женев хотноо 128 гишүүн орны төлөөлөгчид оролцон явагдсан НҮБ-ын Тодорхой төрлийн ердийн зэвсгийн тухай конвенцын (CCW) тойм бага хурлын үр дүн ОХУ тэргүүтэй орнуудын эсэргүүцлийн улмаас суларч, хүний эрхийн байгууллагуудын хүлээлтэд хүрсэнгүй.

Армиуд хиймэл оюун ухааныг ашиглан байг илүү хурдан бөгөөд оновчтой илрүүлж, устгах чадвараа нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй энэ үед амь нас, үхлийн эрх мэдлийг автономит машинд шилжүүлэхийн эсрэг анхааруулга дэлхий даяар эрчимжээд байна. Уг санаачилгыг дэмжигчдийн зүгээс "алуурчин робот" хэмээн нэрлэгддэг эдгээр зэвсгийн системүүдийг богино хугацаанд хууль эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх дүрмээр зохицуулахыг уриалж байв.

Дэлхийн 100 орчим улс энэхүү байр суурийг дэмжсэн хэдий ч АНУ, ОХУ, Израиль зэрэг зэвсэг үйлдвэрлэгч томоохон гүрнүүд эсэргүүцсэн байна. Тус конвенц нь санал хураалтаар бус, бүх гишүүн орны нэгдсэн зөвшилцлөөр шийдвэр гаргадаг дүрэмтэй тул цөөн хэдэн гүрний эсэргүүцэл хэлэлцээг мухардалд оруулжээ. Үүний үр дүнд талууд илүү зөөлрүүлсэн тохиролцоонд хүрч, ирээдүйд гаргах арга хэмжээнүүд нь хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх хүчинтэй байх эсэх асуудлыг нээлттэй хэвээр үлдээлээ.

ХЭЛЭЛЦЭЭНИЙ ХӨШИГНИЙ АРД

Хурлын эхний өдөр ОХУ-ын зүгээс Европын Холбоо болон иргэний нийгмийн байгууллагуудыг хэлэлцүүлэгт ажиглагчаар оролцуулахыг эсэргүүцэн процедурын маргаан дэгдээснээр улс орнууд хэлэлцээгээ албан бус хэлбэрт шилжүүлэхэд хүрчээ.

Гэсэн хэдий ч Олон улсын Улаан загалмайн хорооны зэвсэг хураах асуудал хариуцсан зөвлөх Ричард Леннан хэлэлцээний явцад "нааштай дохионууд" гарсныг онцолсон байна. Түүний хэлснээр өмнө нь тодорхой байр суурь илэрхийлэлгүй түдгэлзэж байсан Хятад, Австрали зэрэг орнууд хуулиар хүлээх үүрэг бүхий гэрээнд илүү уян хатан, нээлттэй хандаж эхэлжээ.

Түүнчлэн Франц тэргүүтэй зарим улс хуулиар заавал биелүүлэх дүрэм болон сайн дурын арга хэмжээг хослуулсан завсрын хувилбарыг дэвшүүлсэн бол Австри, Бразил, Куба, Мексик зэрэг орнууд үүнээс татгалзаж, зөвхөн хатуу протокол батлахыг тууштай шаардсан байна. Хэрэв НҮБ-ын хүрээнд үр дүнд хүрэхгүй бол дэмжигч орнууд 2008 оны Кассет бөмбөгний тухай конвенцын жишгээр тусдаа бие даасан гэрээ байгуулах замаар явж магадгүй гэж шинжээчид үзэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08