Dark Light
Спорт | 2026-11-22

МҮБХ-НЫ ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ ЖАЯГ ДЭГИЙН БАГИЙНХАНТАЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

МҮБХ-ны Ёс зүйн зөвлөлөөс жаяг дэгийн багийн гишүүдтэй уулзаж, засуул, цэц нарын эрх үүргийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ

Монголын үндэсний бөхийн холбооны (МҮБХ) Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс барилдааны жаяг дэгийн багийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт болон цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Уг уулзалтад МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн дарга, судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар, тус зөвлөлийн гишүүн, эдийн засагч-статистикч О.Ганбанди, зөвлөлийн гишүүн, эрх зүйч, дасгалжуулагч Д.Золбаяр нар оролцсон юм.

Уулзалтын үеэр талууд үндэсний бөхийн барилдааны дэг жаягийг сахиулахад гол үүрэг гүйцэтгэдэг засуул, цэц нарын эрх, үүргийг тодорхой болгож сайжруулах шаардлагатайг онцлов. Түүнчлэн зарим бөхчүүдийн зүгээс гаргадаг ёс бус үг хэллэг, зохисгүй үйлдэл, сөрөг хандлагыг таслан зогсоож, бөхчүүдийг нийгэмд үлгэр дуурайлалтай, ёс зүйтэй иргэд болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Талууд уулзалтын төгсгөлд жаяг дэгийн багийн гишүүд болон бөхчүүдийг аливаа ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилдааны дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж мөрдүүлэх чиглэлээр Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл болон Жаяг дэгийн баг нягт хамтран ажиллахаар болов. Мөн энэ үеэр гаргасан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ташрамд дурдахад, МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд дараагийн ээлжит уулзалтаа ирэх арваннэгдүгээр сарын 29-ний ням гарагийн 14:00 цагт багш, дасгалжуулагч болон бөхчүүдтэй хийхээр товлосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08