Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин, Дональд Трамп, Владимир Путин нарын гурван талт дээд хэмжээний уулзалт өндөрлөхөд БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг үйл явдлыг "шинэ эрин үеийн их гүрнүүдийн харилцааны шинэ жишиг"-ийг тогтоосон түүхэн ялалт хэмээн сайшаан зарласан талаар дэлхийн нэр хүндтэй THE OBSERVER цахим порталд Хятадын асуудал хариуцсан сурвалжлагч Поппи Себаг-Монтефиоре (Poppy Sebag-Montefiore) онцлон бичжээ.
Үүний цаад утга нь тун тодорхой байв. Барууны хэвлэлүүд Шэньжэньд болсон энэхүү уулзалтыг "Ялта 2.0" хэмээн нэрлэж байхад, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дайны дараах алс холын түүх рүү эргэж харсангүй. Ши Жиньпиний "шинэ эрин үе" гэдэг нь худалдаа, технологи, дипломат харилцааны дэлхийн шинэ дэг журмыг Хятад улс манлайлж, цаашлаад ноёрхож эхлэх цаг үеийг хэлж буй хэрэг юм.
Төрийн мэдлийн Синьхуа агентлаг Ши Жиньпиний Путин, Трамп нарт хандаж хэлсэн үгийг "гүн гүнзгий бөгөөд алсын хараатай" хэмээн магтаж, их гүрнүүдийн дипломат харилцааны энэхүү "Шэньжэний мөч"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү хэллэг нь энэ оны эхээр Трамп, Путин нар БНХАУ-ын нийслэлд тус тусдаа айлчлах үеэр Хятадын үндсэрхэг үзэлтэй "Global Times" сонины гаргаж ирсэн "дэлхий дахин Бээжингийн цаг руу шилжлээ" гэх нэр томьёог дахин цуурайтуулсан хэрэг байв.
Оройн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэхүү хэлэлцээгээр "дэлхийн энх тайвны тунхаглал" гарлаа хэмээн мэдэгдсэн. Хэдийгээр дээд хэмжээний уулзалтын сүржин мэдэгдлүүд бодит үр дүнгийнхээ дэргэд хэтэрхий дэврүүн сонсогдож байсан ч энэ үйл явдлын бэлгэдэл нь хамгийн чухал зүйл байлаа. Трамп, Путин нараар хоёр талаа хүрээлүүлэн гол дунд нь зогсох Ши Жиньпиний гэрэл зураг бол Бээжингийн зүгээс Хятадын ард түмэнд болон дэлхий дахинд харуулахыг хүссэн яг тэр дүр төрх мөн.
Нэг талд нь Хятадын хамгийн том өрсөлдөгч болох АНУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаар яаран Шэньжэнь рүү зам гарган ирсэн байв. Нөгөө талд нь нэгэн цагт Хятадад ноёрхож явсан хөрш Орос улсын удирдагч өдгөө Бээжингийн эдийн засгийн сүр хүчинд харьяалагдах болсон байдалтай зогсож байлаа. Харин Европ тэнд огт харагдсангүй. Энэ бол Ши Жиньпиний удирдлага дорх "шинэ эрин үе"-ийн дэлхий ертөнцийн дүр зураг бөгөөд Иран, Украинд өдөөсөн бодлогогүй дайныхаа улмаас хүчин мөхөсдсөн дэлхийн хоёр удирдагчийн дунд Хятад улс тогтвортой байдал, хүч чадлын бэлгэдэл болон зогсож байна.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Фукидидын урхи"-ийг дурдсан нь шинээр хүчирхэгжиж буй гүрэн хуучин ноёрхогч гүрнийг гүйцэж түрүүлэх үед үүсдэг аюул болон дайны эрсдэл нэмэгдэхийг сануулсан хэрэг байлаа. "Global Times" сонин ч мөн тэргүүн нүүрнийхээ гарчигт Афины жанжны нэрийг дурдаж, хэрэв АНУ болон ОХУ зайлшгүй зүйлийн өмнө бөхийж, Хятадын "улаан шугам"-ыг давахгүй л бол Ши Жиньпиний дэлхийн эдийн засгийн хөгжлийн алсын хараа мөргөлдөөнөөс зайлсхийж чадна гэдгийг тодорхой ойлгуулжээ.
Трамп Шэньжэньд хүрэлцэн ирсэн даруйдаа Хятадын сошиал сүлжээнд тэр дороо шуугиан тарьж эхэлсэн бөгөөд тэнд түүнийг шүтэн бишрэх хандлага их байдаг ба зарим нь түүнийг "улс үндэстнийг бүтээн байгуулагч Трамп" хэмээн хочилдог. Энэхүү хоч нь АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн улсыг сулруулснаараа Хятадыг улам хүчирхэгжүүлсэн гэх олон хүний үзэл бодлыг илэрхийлсэн егөөдсөн магтаал юм.
Сошиал сүлжээнд өргөн тархсан нэгэн дүрс бичлэгт Трамп дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинийг магтан дуулж: "Энэ бол үнэхээр гайхалтай улс, та итгэмээргүй их ажил хийжээ, та бол үнэхээр гайхалтай удирдагч" хэмээн хэлж буй нь харагдана. Харин өөр нэгэн бичлэгт хурлын танхим дахь удирдагчдыг харуулах үеэр Трамп нүдээ аньчихсан, яг л унтаж байгаа мэт харагдаж байлаа.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ихэнх мэдээлэл Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад зориулан Шэньжэнь хотыг хэрхэн гайхалтай өөрчилснийг харуулахад чиглэсэн бөгөөд хотын ирээдүйн өнгө төрхийг илтгэх олон арван тэнгэр баганадсан барилгуудын гэрлийн гайхамшигт шоуг онцолж байв.
Арга хэмжээний турш хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тогтоож, аюулгүй байдлыг хэт чангатгасны улмаас олон хүн гэрээсээ ажиллахаас өөр аргагүйд хүрсэнд зарим иргэд дургүйцлээ илэрхийлж байлаа. Сингапурт төвтэй хятад хэлээрх бие даасан мэдээллийн "Initium Media" агентлаг "Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчдын хувьд Шэньжэнь хотын оршин суугчдаас юу шаардагдах вэ?" хэмээн асуусан байна.
Гэсэн хэдий ч энэхүү албадан амралт нь Шэньжэний "996" хуваариар (өглөөний 9-өөс оройн 9 цаг хүртэл, долоо хоногийн зургаан өдөр) ажилладаг ажилчдад хурдаа сааруулах ховорхон боломжийг олгожээ. Дээд хэмжээний уулзалтын түүхэн үйл явдлуудыг огт тоолгүй орхисон олон оршин суугч хөл хорионы үеэр тасалгааны цэцгээ усалж, найзтайгаа өдрийн хоолонд орж буй жаргалтай амралтын өдрүүдийнхээ влогийг цахим сүлжээнд нийтэлжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



