Энэтхэгийн зүүн хойд зүгийн Манипур мужид гар аргаар хуурамчаар үйлдвэрлэсэн архи уусны улмаас дор хаяж 11 хүн амиа алдаж, 180 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар тус мужийн Ерөнхий сайд Хемчанд Юмнам "X" цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Мужийн Ерөнхий сайд Хемчанд Юмнам өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж буй Лампхелпат дахь "Shija" болон Сажива дахь "Babina" эмнэлгүүдээр биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Түүний мэдээлснээр "Shija" эмнэлэгт 140 гаруй, "Babina" эмнэлэгт 41 гаруй хүн хүргэгдсэн бөгөөд өвчтөнүүдэд шаардлагатай бүх төрлийн эмнэлгийн тусламж, дэмжлэгийг дээд зэргээр үзүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Мөн газар дээрх эмчилгээ, шуурхай арга хэмжээг эрчимжүүлэхээр нарийн мэргэжлийн эмч ахалсан багийг Чандел дүүрэг рүү илгээсэн байна.


Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн олонход нь метанолын хордлогын шинж тэмдэг илэрсэн аж. Энэхүү хэрэгтэй холбогдуулан мужийн Засгийн газраас мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 17-ноос хойш явуулсан шалгалтаар 48 хэрэг бүртгэж, 2,419 литр хууль бус нэрмэл архи хураан авч, хэрэгт холбогдуулан зургаан хүнийг баривчлаад байна.
Энэтхэг улсад хууль бус, гар аргаар нэрсэн хямд үнэтэй архинд хордож, олон хүний амь нас эрсдэх явдал цөөнгүй гардаг. Тухайлбал, 2024 онд тус улсын өмнөд зүгийн Тамил Наду мужид хуурамч архи уусны улмаас 36 гаруй хүн амиа алдаж, 60 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж байсан бол 2019 онд Ассам мужид мөн ийм төрлийн хордлогын улмаас 69 ажилчин амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдэж байжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



