Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон үндэсний шигшээ багийнхан эх орондоо ирлээ. Энэ үеэр эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэгээс тодрууллаа.
-Хасагдах шатанд Филиппиний шигшээ багтай таарсан. Ямар тактиктай тоглосон бэ?
-Тэр үед манай баг өөрсдөдөө алдаа гаргасан юм болов уу. Хийх ёстой зүйлүүдээ хийгээгүй. Айл нэг тоглогч нь гэмтэлтэй гурвуулаа тоглосон. Гурвуулаа хэдий ч маш хүчтэй хожъё гэсэн зорилготой орж ирсэн. Манайх ч гэсэн хожих гэж тоглосон. Хэдэн зүйл дээр алдаад, өөрсдийнхөө буруугаас болж хожигдол хүлээсэн. Түүндээ сэтгэл дундуур байгаа.
-Өмнө нь Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаад эмэгтэй шигшээ тавдугаар байрт орлоо. Бусад улс орон 3х3 сагсанбөмбөгтөө илүү анхаарал хандуулдаг болжээ гэсэн зүйл ажиглагдлаа?
-Бид түрүү жил хүрэл медальтай ирж байсан. Энэ жил медалиа ахиулъя гэсэн зорилготой орсон. Гэвч тавдугаар байранд орлоо. Бэлтгэл жаахан дутуу байсан юм болов уу. Бусад улс орнууд 3х3 сагсанбөмбөгийн спортоо илүү дэмждэг болсон юм болов уу гэж харлаа. Багууд маш хүчирхэг орж ирсэн. Эмэгтэй багуудаас Вьетнамын баг шигшээ наймд үлдээд хожигдсон. Хэсгийн тоглолтуудаа маш сайн хийгээд гарч ирсэн багууд зөндөө байсан.
-Магадгүй Тулга дасгалжуулагч байсан бол илүү амжилт гаргах байсан болов уу?
-Дасгалжуулагч гэлтгүй тамирчдаас хамаарах зүйл нь илүү байх. Дасгалжуулагч хоорондын ойлголцол бас чухал. Дасгалжуулагч талбайд гарахгүй зөвхөн тамирчид гарч байгаа болохоор тамирчдын уур амьсгал байх.
-Тулга дасгалжуулагчтай холбоотой байгаа юу?
-Одоогоор холбоогүй байгаа.