Dark Light
Эдийн засаг | 2026-11-24

ВЬЕТНАМ УЛС МОНГОЛЫН ХАА-Н ЭКСПОРТЫН ХАБ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Hoài Nam

Вьетнам улс Монголын түүхий эдийг өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадал болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы зах зээлд нэвтрэх боломжтой хослуулах замаар Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортлох гол гарц болох байр сууриа бэхжүүлж байна. Үүний хүрээнд Вьетнам улс Монголын экспортыг АСЕАН-д гаргах гол үүд хаалга болохыг эрмэлзэж байгаа бол Монгол Улс Вьетнамын боловсруулах үйлдвэрлэлийн туршлага, ноу-хауг ашиглаж, улмаар 2030 он гэхэд хоёр орны хөдөө аж ахуйн худалдааны эргэлтийг 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Вьетнам-Монголын бизнес форум 2026"-гийн үеэр хоёр улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монголын мал аж ахуйн нөөцийг Вьетнамын боловсруулах салбар болон бүс нутгийн зах зээлийн сүлжээтэй холбосон нэмүү өртгийн шинэ сүлжээ байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Вьетнамын чөлөөт худалдааны өргөн сүлжээ болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд гүнзгий нэвтэрсэн байдал нь Монголын бүтээгдэхүүнийг бусад экспортын зах зээл, тэр дундаа АСЕАН-ы орнуудад гаргахад чухал дэмжлэг болох юм.

Форумын үеэр Вьетнамын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг хоёр орны эдийн засаг газар зүйн хувьд алслагдмал боловч бие биеэ харилцан нөхөх өндөр чадамжтай гэдгийг онцлов. Тэрбээр хамгийн ирээдүйтэй боломжуудын нэг нь Монголын түүхий эдийг Вьетнамын технологи, боловсруулалтын туршлагатай хослуулан илүү өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат түүний байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлээд, бизнес эрхлэгчид шинээр гарч буй боломжуудыг ашиглан эдийн засгийн харилцааг бэхжүүлэх бодит төслүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэлэв.

ШИНЭ БОЛОМЖУУДЫГ БИЙ БОЛГОХ НЬ

Монгол Улсын гол давуу тал нь мал аж ахуйн үйлдвэрлэл, хонь, ямааны мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, эмийн ургамал болон ашигт малтмалын нөөц юм. Сайд Чинь Вьет Хунг Вьетнамын бизнес эрхлэгчдийг Монголын мах, яс боловсруулах, арьс шир идээлэх, ноос, ноолуур болон хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах боломжийг судлахыг уриалав. Ийм хөрөнгө оруулалт нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бэхжүүлж, хоёр орны компаниудад арилжааны шинэ боломжуудыг нээх ач холбогдолтой гэж тэрбээр үзэж байна.

Энэхүү санал нь хоёр улсын Засгийн газар уламжлалт түүхий эдийн худалдаанаас хальж, илүү уялдаа холбоотой хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхээр зорьж буйн илрэл юм. Өдгөө Монголын ямаа, хонины мах, ноолуур зэрэг бүтээгдэхүүн Вьетнамын зах зээлд аажмаар нэвтэрч эхэлсэн бол Вьетнамын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд ч Монголын зах зээл дэх оролцоогоо өргөжүүлсээр байна.

200 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗОРИЛТ

Форумын үеэр Вьетнам, Монгол хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудад тулгуурлан 2030 он гэхэд хоёр талын хөдөө аж ахуйн худалдааны эргэлтийг 200 сая ам.долларт хүргэх зорилтоо тодорхойллоо. Сайд Чинь хувийн хэвшлийн оролцоотойгоор хоёр улс энэхүү зорилтод хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, худалдааны боломжуудыг нээхийн тулд зах зээлийн уялдаа холбоо болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав.

Тэрбээр мөн Вьетнам, Хятад, Монголыг холбосон тээврийн шинэ чиглэлүүд болон хоёр талын хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээр байгуулах зэргээр ложистик, хөрөнгө оруулалтын холбоосыг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн зах зээлд нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөхийн тулд цахим худалдаа, бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөх тогтолцоо, хорио цээрийн журам, хүнсний аюулгүй байдлын стандартын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалсан байна.

Форумын хүрээнд "Vietnam Mongolia JSC" болон Монголын "Булганмах Маркет" ХХК хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу компаниуд малын дайвар бүтээгдэхүүнийг өндөр үнэ цэнтэй хүнсний орц найрлага болгон хувиргах зорилгоор Монголд үхэр, ямааны яс боловсруулах үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэлийг хамтран судлах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08