Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны түүхэн 30 жилийн ойн хүрээнд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Хурдан морь цоллооч бэлтгэх сургалт" 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус сургалт нь хурдан морины уралдааны салшгүй хэсэг болсон морь цоллох урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, нутгийн онцлогийг харгалзан харилцан суралцах боломжийг олгох, ирээдүйн шилдэг цоллоочдыг бэлтгэх зорилготой байв.
ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баярдорж оролцогч хүүхдүүддээ хандан: Монгол түмний бахархал болсон хурдан морины өв соёлыг өвлөж, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл үзүүлсэн бяцхан цоллооч хүүхдүүддээ талархал илэрхийлж, дэлхий дахинаа өв соёлоороо цойлон цуурайтуулахын ерөөл дэвшүүлж, хурдан морь цоллох мэдлэг, чадвар эзэмшсэн хүүхдүүдэд батламж гардуулав.
Сургалтад Монгол орны 10 аймаг, нийслэлийн 3 дүүргээс нийт 13 хүүхэд оролцож хамгийн хол нь Баян-Өлгий аймгийн Буянт сумаас ирж оролцлоо. Сургалтад оролцсон хүүхдүүд:
Баян-Өлгий аймгаас — Одхүүгийн Зэлмэ, 14 настай
Баянхонгор аймгаас — Хүрэлбаатарын Хатанзориг, 20 настай
Булган аймгаас — Эрдэнэсайханы Тэмүүн, 12 настай
Дархан-Уул аймгаас — Анхбаярын Мөнхманлай, 15 настай
Дорноговь аймгаас — Хүрэлчулууны Хишигтогтох, 12 настай
Өвөрхангай аймгаас — Мөнхдэлгэрийн Доржсамбуу, 15 настай
Сүхбаатар аймгаас — Ганбаатарын Эрдэнэ, 13 настай
Сэлэнгэ аймгаас — Баярмаагийн Анхбаяр, 15 настай
Хэнтий аймгаас — Алтантөгсийн Буд-Очир, 15 настай
Өвөрхангай аймгаас — Пүрвээгийн Төгсжаргал
Багануур дүүргээс — Энхжаргалын Анар, 9 настай
Баянзүрх дүүргээс — Пүрэвбаатарын Мөнхсоёмбо, 8 настай
Баянзүрх дүүргээс — Бат-Эрдэнийн Энэрэлт-Орчлон, 11 настай
Сургалтыг удирдан явуулсан сургагч багш: Монгол Улсын морь цоллооч, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат Батбаярын Зоригтбаатар — 20 гаруй жил тасралтгүй морь цоллож, 2010 оноос улсын болон бүсийн уралдаанд, 2015 оноос төрийн наадам, "Их хурд"-д морь цоллоочоор ажилласан туршлагатай.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцсан агуулгууд:
Морь цоллох уламжлал, түүх, ач холбогдол Цоллоход анхаарах зүйлс, дэг жаяг Цоллоочийн хувцаслалт, зүүсгэл Морьтой зөв харьцах арга барил Нийтлэг алдаа, тэдгээрээс сэргийлэх арга Морь цоллох үгийн баялаг, хэл найруулгын онцлог Эдгээр хичээлүүдээр дамжуулан хүүхдүүд морь цоллох урлагийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшин, алдаа оноон дээрээ суралцаж, арвин туршлага хуримтлуулсан сургалт боллоо.
Эх сурвалж
| Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
|